Дархан-Уул аймагт сургалт явууллаа

Санхүүгийн зохицуулах хорооноос Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэг, салбарын хууль эрх зүй, зохицуулалтын болон бизнесийн орчин, боломжийн талаарх ойлголт, мэдээллийг сайжруулах ажлыг өөрийн болон банкнаас бусад санхүүгийн зах зээлийн бүтцийн институциудын үйл ажиллагаатай уялдуулан тогтмол зохион байгуулдаг. Үүний хүрээнд Дархан-Уул аймаг дахь Хорооны төлөөлөгчтэйгөө хамтран тус аймгийн иргэд, олон нийт, зохицуулалттай аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдийн төлөөллийг хамруулсан хоёр өдрийн сургалт зохион байгууллаа.

Санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, Хорооны бодлого, хяналт, зохицуулалтын үйл ажиллагаа гэсэн сэдвийн хүрээнд явуулсан тус сургалтаар үнэт цаасны арилжааны зуучлал, даатгал, банк бус санхүүгийн болон хадгаламж зээлийн хоршооны чиглэлээр Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдүүд, тэдний бүтээгдэхүүн үйлчилгээнд жишээлэн мөнгө, санхүү, төлбөрийн хэрэгсэл, тэдгээртэй холбоотой харилцааны талаарх ойлголт, ерөнхий ухагдахуун, зохицуулалтын талаар олон нийтэд мэдлэг, мэдээлэл өгөв. Сургалтад хамрагдсан иргэд, бизнес эрхлэгчид уг үйл ажиллагааг цагаа олсон үр дүнтэй ажил болж буйг олзуурхан, шинээр болон нэмж олж авсан мэдээлэлдээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ ийм сургалтыг тогтмол зохион явуулж байхыг хүсэж байлаа.

Сургалтыг Хорооны мэргэжилтнүүд аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэстэй хамтран удирдан явуулсан юм. Учир нь Хорооны дарга болон Сангийн сайдын хамтарсан шийдвэрийн дагуу орон нутаг дахь Хорооны төлөөлөгчийн бүрэн эрхийг аймаг, нийслэл, дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нар бүртгэлийн мэргэжилтнүүдийн хамт хавсран гүйцэтгэдэг юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ