Хайгуулын лиценз хөрөнгө оруулалт болж чадах уу?

Манай улс 2010 оноос хойш ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг эрчимтэй эмхэлж цэгцэлж ирсэн.

Уг нь аливаа улс орон геологийн хайгуулыг хэнээр ч хамаагүй чөлөөтэй хийлгэхийг зөвшөөрдөг ба тухайн улсад мөрдөгдөж буй хууль, журам болон тухайн хайгуулын ажил хийх эрх бүхий аж ахуйн нэгж нь стандартын шаардлага хангасан технологиор үйл ажиллагаагаа эрхэлж байгаа эсэхийг нь хянаад, шаардлага тавиад хайгуулаар ямар ямар эрдэс баялаг, ямар нөөцтэй байгаа тухай мэдээллийг нь аваад сууж байдаг байна.

Гэвч манай нөхдүүд хайгуулын эрхээ, ашиглалт, олборлолттойгоо андуурах явдал гаргаж эхэлдэг бөгөөд үүнээс болж тухайн бүс нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч хэл ам татлах нь элбэг тохиолдоно.

Харин хайгуул хийсэн компани ихээхэн хөрөнгө мөнгө тухайн хайгуулд зарж оруулаад юу ч олоогүй тохиолдолд өөрсдийн хөрөнгө мөнгөөр шатаад дуусдаг байна. Харин зөвшөөрөл олгосон төрд хохирох зүйл гарахгүй. Гэвч бид энэ хөрөнгө оруулалтаас татгалзаад бүтэн 7 жил болсны дараа хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлаа эргэн сэргээн тавьж эхэллээ.

Тухайлбал, 2017 оны 37-р тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын журмаар олгох талбайг 1.6 сая га-гаар нэмэгдүүлсэн. Энэ нь өмнөх олгосон талбайтай нийлүүлээд 10.2 сая га талбайд сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдохоор бэлэн болжээ. 2017 он гарсаар хайгуулын лиценз олголтоос 3.5 тэрбум төгрөгийн орлогыг улсад төвлөрүүлсэн байна.

Энэ жилийн хувьд хайгуулын талбайг шинэчилснээр өргөдлөөр олгох талбайг 18.2 сая га-гаар нэмэгдүүлсэн. Ингэснээр хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо хоёр дахин нэмэгдэж энэ хэрээр хайгуулын ажилд зарцуулах хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Хуулиар нэг га тутамд 10 цент, хоёр дахь жилд 20 цент, гурав дахь жилд 50 цент зэргээр төлбөр өсөөд явдаг. Ингэснээр Монгол Улсын геологи хайгуулын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэнэ. Хайгуулын зардал нэмэгдсэнээр уул уурхайн олборлолтоосоо геологийн бэлтгэгдсэн нөөц нь 10 жилээр түрүүлж явах бэлтгэл хангагдана. Хоёрт, хайгуулын ажил эрчимжсэнээр улсын эрдэнэсийн сан нэмэгдэх, шинээр орд нээн илрүүлэх боломж нээлттэй болох юм.

Ингэснээр уул уурхайн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг татах, эрдэс баялгийн нөөцөө нэмэгдүүлэх, геологи хайгуулын салбарыг хөгжүүлэхэд томоохон түлхэц болно хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалтыг татах,нөөцийг нэмэгдүүлэх геологийн эрэл, хайгуулын ажлыг төрөөс тогтоосон газар нутагт гүйцэтгэх, энэ чиглэлд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан оруулах нь төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын нэг үндсэн чиглэл юм.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ