Хороо салбаруудын өсөлтийг тогтвортой хадгалахад анхаарч байна
Дэлхий дахин өнөөдөр санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүн болгонд, нутаг орны өнцөг булан бүрд хүргэх, амьжиргааны түвшин бүрд тохирсон санхүүгийн үйлчилгээ, бүтээгдэхүүн бий болгох бодлогод түлхүү анхаарал хандуулах болсныг Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн өчигдөр болсон “Bloomberg Finance Forum 2017” хэлэлцүүлгийн эхэнд онцлон хэлсэн юм.
Нэйшнл Ньюс Корпорэйшн, Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын Ипотекийн корпораци хамтран зохион байгуулсан хэлэлцүүлгээр санхүүгийн зах зээлийн төлөв, тулгамдаж буй асуудлууд, сорилт болон боломж, гарц, шийдлийн талаар энэ салбарын зохицуулагч, бодлого боловсруулагч байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөгчид, мэргэжилтэн судлаачид, нөлөө бүхий эрхмүүд байр сууриа илэрхийлэв. Санхүүгийн салбар олон нийтийн итгэл дээр суурилдаг эмзэг салбар тул аль болох улс төр болон хэт хүчилсэн зохицуулалтаас ангид байх учиртайг хэлэлцүүлэгт оролцогчид чухалчилж байлаа.
Хорооны дарга С.Даваасүрэн олон улсын санхүүгийн тэргүүлэх бодлого хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэх болсон энэ цаг үед хэрэглэгчид, хөрөнгө оруулагчдын эрх ашиг хамгаалагдсан байх, үүнд чиглэсэн механизмыг сайтар бүрдүүлэх шаардлагатайг тэмдэглэв. Мөн тэрээр, банкнаас бусад санхүүгийн салбарууд буюу үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны зах зээлүүд дээр сүүлийн нэг жилд мэдэгдэхүйц өсөлт ажиглагдаж эхэлснийг дурдаад, үйл ажиллагааны болон санхүүгийн үзүүлэлтүүд өсөх нь сайн ч гэлээ өсөлтүүдээ цаашид тогтвортой хадгалах явдал түүнээс чухал болохыг, Хороо асуудлын энэ хэсэгт илүүтэй анхаарал хандуулж байгааг хэлсэн юм.
“Bloomberg Finance Forum 2017” хэлэлцүүлэг гурван үндсэн хэсгээр зах зээлийн өнөөгийн нөхцөл, сорилтууд, олон улсын туршлага, шийдэл, зээлийн хүүгийн бодлого гэсэн сэдвүүдийг хөндсөн бөгөөд телевизийн Блүүмберг, Монгол HD, Ийгл сувгуудаар шууд дамжууллаа. Төлөв байдлыг дүгнэсэн эхний хэсгийн үндсэн илтгэлийг Санхүүгийн зохицуулах хорооны Судалгаа, эрсдэлийн шинжилгээний хэлтсийн дарга Н.Хүдэрчулуун тавилаа. Түүний илтгэлд дурдсанаар, Хороо бодлого, үйл ажиллагаандаа томоохон өөрчлөлт оруулж, бүртгэл зөвшөөрөл, хяналтын байгууллагаас санхүүгийн салбарт бодлогын зохицуулалт хийж, эрсдэлийг бууруулдаг, эрх ашгийг хамгаалдаг институци болох зорилт тавьж ажилласнаар банкнаас бусад санхүүгийн зах зээлүүдэд тодорхой ахиц дэвшлүүд гарчээ.
Хөрөнгийн зах зээлд итгэх хөрөнгө оруулагчдын итгэл, сонирхол сэргэж байгаа нь олон нийтэд хувьцаагаа санал болгох (IPO) үйл явц, компанийн бондын арилжааны дүн зэргээс илт мэдэгдэж байгааг Н.Хүдэрчулуун онцолсон юм. JP Morgan Монгол Улсад глобал кастодиан банкны үйлчилгээ эрхлэх шийдвэр гаргасныг тэрээр жишээ болгоод, таатай нөхцөл байдал хэвээр үргэлжилбэл оны эцэст нийт хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 2.5 их наяд төгрөгт хүрэхээр байгааг тэрээр мэдээлэв.
Даатгалын салбарын нийт хөрөнгийн хэмжээ энэ оны гуравдугаар улирлын байдлаар 251.7 тэрбум төгрөгт хүрч 21.4 хувиар өссөн ч компаниудын татварын дараах цэвэр ашиг 9.2 хувиар буурч 10.2 тэрбум төгрөг болсон байхад хадгаламж, зээлийн хоршоодын нийт актив жилийн өмнөхөөсөө 31.2 хувиар өсөж 142.7 тэрбум төгрөгт хүрчээ. Харин 906 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа банк бус санхүүгийн салбарын нийт хөрөнгө оны эцэс гэхэд 1.0 их наяд төгрөгөөс давах төлөвтэй байна. ББСБ-уудын зээлийн нийлүүлэлт өсөж, өнгөрсөн оны мөн үед 4.2 хувь байсан сарын жигнэсэн дундаж хүү энэ гуравдугаар улиралд 3.4 хувь болж буурчээ. 2020 он гэхэд 2.1 хувь хүртэл буух боломжтойг Санхүүгийн зохицуулах хороо жилийн өмнө танилцуулж байсныг Н.Хүдэрчулуун хэлэлцүүлэгт оролцогчдод сануулав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ