“Вloomberg Finance Forum 2017” арга хэмжээ боллоо
“Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК, Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Ипотек Эзэмшигчдийн Холбоо, Санхүүгийн Салбарын Хуульчдын Холбоо хамтран “Вloomberg Finance Forum 2017” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээний хүрээнд Монгол Улсын төр засаг болон хувийн хэвшил, судлаачид санхүүгийн зах зээлд тулгамдаж буй асуудлууд, сорилт болон боломж, шийдлийн талаар байр сууриа илэрхийлж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Санхүүгийн, ялангуяа банкны салбарт чухал нөлөө үзүүлэхүйц хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг УИХ дээр эхлэхээр хүлээгдэж байгаатай зэрэгцэн зээлийн хүүг бууруулах хувилбаруудын талаар олон санаачлага, санал гарч байгаа нь энэ удаагийн арга хэмжээний гол сэдэв байлаа. Тухайлбал, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох эрхийг Монголбанкинд олгох асуудал тусаад байгаа билээ.
Үүний өмнөхөн Монголбанк зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги боловсруулах ажлын хэсэг байгуулан, урт хугацаанд зах зээлийн зарчмаар хүүг бууруулах замын зураг боловсруулахаар төлөвлөн ажиллаж эхэлсэн. “Вloomberg Finance Forum 2017” арга хэмжээнд оролцогчид санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангахад уг асуудлаар бодлогоо зөв тодорхойлох нь хамгийн чухал болохыг онцолж байв. Тухайлбал, олон нөхцөлт, хамаарал бүхий хүчин зүйлсийн дүнд тогтож буй зээлийн хүүд захиргааны аргаар хязгаарлалт тогтоох нь зах зээлийн ерөнхий суурь нөхцөл, зарчмаас ухарсан явдал болохыг Монголын банкны холбооны төлөөлөгчид хэлж байлаа.
Монголбанкны зүгээс хууль эрх зүйн тодорхой зохицуулалтууд дутмаг байгааг онцлов. Ямартай ч уг асуудалд төлөвлөгөөтэйгээр урт хугацаанд, үе шаттайгаар хандах хэрэгтэйг судлаачид болон арга хэмжээнд оролцогчид хэлж байлаа.
Үүнээс гадна ОУВС-ийн Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөрийн хүрээнд банк санхүүгийн салбарын чадавхийг бэхжүүлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор арилжааны банкуудын активын чанарын үнэлгээг хийж байгаа. Энэхүү үнэлгээний дүн арванхоёрдугаар сарын дундуур гарна гэж ОУВС мэдээлсэн.
Мөн цаашид банкны салбарын тогтвортой байдлаар дамжуулан санхүүгийн салбарыг бэхжүүлэх, эрсдэлийг бууруулах чиглэлд бодлогын түвшинд авч хэрэгжүүлж байгаа ажлууд, Олон улсын туршлага, боломжит шийдлүүд зэрэг сэдвүүдээр ““Вloomberg Finance Forum 2017” 2017” арга хэмжээнд оролцогчид санал бодлоо хуваалцаж, гарц шийдлийг эрэлхийллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ