Компаниудыг нэгтгэн, бүрэлдэхүүнийг шинэчлэв

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж, хэд хэдэн хувьцаат компанийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа. Үүнд, “АПУ” ХК-ийн 742,877,000 ширхэг хувьцааг тус компанид нэгдэж буй “Эвэргрийн Инвестмент” ХХК-ийн хөрөнгөд ногдох 321,304,553 ширхэг энгийн хувьцаагаар нэмэгдүүлэн, нэг бүр нь 10 мөнгөний нэрлэсэн үнэ бүхий нийт 1,064,181,553 ширхэг болгон, нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэв. Мөн, “Жинст-Увс” ХК-ийн 53,223 ширхэг хувьцааг тус компанид нэгдэж буй “Хөрөнгө оруулагч үндэстэн” хаалттай ХК-ийн хөрөнгөд ногдох 1,612,715 ширхэг энгийн хувьцаагаар нэмэгдүүлэн, нэг бүр нь 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 1,665,938 ширхэг хувьцаа болголоо.

Түүнчлэн, “Даваанбулаг” ХК-ийн хаалттай хүрээнд нэмж гаргаж буй 100 зуун төгрөгийн нэрлэсэн үнэтэй 1,788,500 ширхэг энгийн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрч, “Ногоон хөгжил үндэсний нэгдэл” ХК-ийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 52,056 ширхэг хувьцааг нэг бүр нь 1 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5,205,600 ширхэг энгийн хувьцаа болгон 100 хувааж бүртгэв.

“Ард даатгал” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн нэг “Блью Планет” ХХК өөрийн эзэмшлийн 153 310 ширхэг энгийн хувьцааг “Ард санхүүгийн нэгдэл” ХК-д арилжсантай холбоотой асуудлыг хэлэлцээд, “Ард даатгал” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, бүртгэлд зохих өөрчлөлтүүдийг оруулахаар тогтлоо. Ингэснээр “Ард даатгал” ХХК гурван хувьцаа эзэмшигчтэй болж байгаа бөгөөд нийт хувьцааны 93.3 хувийг “Ард санхүүгийн нэгдэл” ХК эзэмших болж байна.

Түүнчлэн хуралдаанаар, Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээдийн Монгол Улсад гаргах, Монгол Улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд гадаад улсад гаргах үнэт цаасыг бүртгэх журмыг баталлаа. Хороо Монгол Улсад үнэт цаас гаргаж болох гадаадын үнэт цаас гаргагчдын бүртгүүлсэн биржүүдийн түр жагсаалтыг энэ оны долдугаар сард баталсан. Жагсаалтад дэлхийд тэргүүлэгч 26 бирж багтсан бөгөөд эдгээр биржүүд дээр бүртгэлтэй компаниудын Монгол Улсын хөрөнгийн биржид бүртгүүлэхэд тавигдах бүртгэлийн шалгуур, шаардлагыг тодорхойлох, бүртгэлийн нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг харилцааг өнөөдөр баталсан журмаар зохицуулах юм. Энэ журам нь гадаад, дотоодын биржид бүртгэлгүй хуулийн этгээдийн үнэт цаасыг анхлан бүртгэх болон гадаад, дотоодод анхлан нэгэн зэрэг үнэт цаас гаргах харилцаанд хамаарахгүй.

Мөн 2.5 тэрбум төгрөг байх хувь нийлүүлсэн хөрөнгийн шаардлагыг хангасан нэг аж ахуйн нэгжид банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгож, үнэт цаасны зах зээлд оролцогчдод хууль зүйн зөвлөгөө өгөх хуулийн этгээдээр нэг аж ахуйн нэгжийг бүртгэн, гурван Хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ)-ны тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, мөн тооны ХЗХ-ны түдгэлзүүлээд байсан тусгай зөвшөөрлийг сэргээв. Харин “Зоос хүрд” ХЗХ-ны хадгаламж, зээлийн, “Женерал финанс ББСБ”, “Андын дэмжлэг ББСБ” ХХК-уудын банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус түдгэлзүүлж, “Өгөөж дулаан хаан” ХЗХ, “Ти Эн Эн ББСБ”, Эс Эс Эн Жи ББСБ” ХХК-уудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ