Үржлийн бус бог малыг экспортолно
Малын тоо толгойн өсөлт, хадлан, тэжээлийн хүрэлцээ, хангамжтай уялдуулан малчид, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор малын гоц халдварт өвчин гараагүй аймаг, сумаас үржлийн бус бог малыг экспортод гаргахыг Засгийн газраас зөвшөөрлөө.
Мах импортоор авах улсын холбогдох яам, мэргэжлийн байгууллагатай гэрээ, хэлцэл хийж, аймаг, орон нутгийг бодлого, зохицуулалтаар дэмжихийг холбогдох сайд нарт даалгав.
Мөн импортлогч улсын мал эмнэлэг, хорио цээрийн нөхцөл, шаардлагад нийцүүлэн бэлтгэсэн малыг хорио цээрийн тусгаарлагдсан бүс, байгууламжаар дамжуулан үзлэг шинжилгээнд хамруулах, экспортлох зэргийг зохион байгуулахыг нэр бүхий аймгуудын Засаг дарга нарт үүрэг болголоо.
Монгол Улс дотоодын хэрэгцээндээ дунджаар 11 сая гаруй толгой мал хэрэглэдэг судалгаа бий. Гэхдээ малын генетик нөөцийг алдагдуулахгүйгээр зургаан сая гаруй мал экспортлох боломжтой юм.
Одоогийн байдлаар, БНХАУ, ОХУ, Вьетнам, Иран зэрэг улстай гэрээ хийж 18 мянган тонн мах гаргаад байна. Мөн БНХАУ-ын талд хүсэлт тавьж мал нядлах, мах боловсруулах 36 үйлдвэрт хянан магадлагаа хийлгэжээ.
Салбарын яам энэ онд 13,6 мянган тонн хонь, 13,8 мянган тонн ямааны мах, нийт 27,5 мянган тонн мах экспортлох тооцоо хийгээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ