Зэсийн үнэ цойлох хэмжээнд хүрсэн үү?
Манай орны экспортын голлох нэрийн бүтээгдэхүүний нэг болох зэсийн үнэ Дэлхийн зах зээл дээр өөдрөг хэвээр байна. Одоогоос хоёр долоо хоногийн өмнө зэсийн үнэ 7080 ам.долларт хүрсэн нь сүүлийн гурван жилд байгаагүй огцом өсөлтөөр нэрлэгдсэн юм.
Манай улсын хувьд ирэх онд уул уурхайн салбараас 1.7 их наяд төгрөг төвлөрүүлнэ гэж тооцоолоод буй. Үүний 1 их наяд төгрөгийг зэс, зэсийн баяжмалын экспортын орлогоосбүрдүүлэхээр төсөөлжээ.
Улсын төсөвт зэсийн тэнцвэржүүлсэн үнийг 5106 ам.доллар, зах зээлийн үнийг 6430 ам.доллараар тус тус тооцож суулгасан байна. Ингэснээр зэсийн тэнцвэржүүлсэн болон зах зээлийн үнийн зөрүүгээс нийт 122.7 тэрбум төгрөгийг Төсвийн тогтвортой байдлын санд төвлөрүүлэх боломжтой гэж үзжээ.
Үндсэндээ зэс, зэсийн баяжмалын экспортын орлого улсын төсөвт орж ирэх мөнгөн урсгалын 7/1 хувийг дангаараа бүрдүүлнэ гэсэн үг. Тиймээс ч зэсийн үнийг бодьтойгоор төсөөлөхгүй л бол эргээд алдагдал өндөр гарах эрсдэлтэй билээ.
Өнгөрсөн жилүүдэд зэсийн нийлүүлэлт эрэлтээсээ харьцангуй хомс байсан учир зах зээлд өндөр үнэ ноёлж байсныг гайхах зүйлгүй. Харин өнөөдөр зах зээлд нийлүүлэлт нэмэгдэж, улмаар хүрэн металын үнэ ханшийг сулруулах нөхцөл бүрдэж байна. Өөрөөр хэлбэл одоо зэсийн олборлолтын өсөлтийн оргил үеийг бид туулж буй ажээ. Зэсийн үнэ ханш зах зээлд дээгүүр байсан өнгөрсөн жилүүдэд хөрөнгө оруулагчид зэсийн төслүүдэд хөрөнгө хаяж, үр дүнд нь олборлолт, үйлдвэрлэлийн хурдацтай өсөлт бий болжээ. Энэ онд ч мөн ялгаагүй тийм дүр зураг тодорч байна.
Ийнхүү нийлүүлэлтийн илүүдэл харьцангуй доогуур хэмжээнд байгаа нь эрэлт өссөнтэй холбоотой. Гэхдээ эрэлтийн өсөлтөд Хятад болон хөгжиж буй улс орнууд тулгуур үүрэг гүйцэтгэхээр байгаа ч хөгжингүй улс орнууд энэ жил зэсийн хэрэглээний өсөлтөд урьд урьдны жилүүдийнхээс илүү том байр суурьтай оролцох төлөвтэй байгаа ажээ. Хятадын зэсийн эрэлтийн өсөлт тус улсын Засгийн газрын эдийн засгийг шинэчлэх бодлогын үр дүнд саарч мэдэхээр байгаа ч эрчим хүчний салбарт, ялангуяа цахилгаан дамжуулах шугам сүлжээнд үлэмж хэмжээний хөрөнгө оруулах төлөвлөгөө нь том баталгаа болж өгч буй юм.
Олон Улсын зэс судлалын группийн зүгээс 2018 онд дэлхийн зэсийн үйлдвэрлэл 24.2, зэсийн хэрэглээ 24.3 сая тонн байна гэсэн таамаг дэвшүүлсэн. Харин үнийн тухайд, Дэлхийн банкны зүгээс ирэх онд зэсийн үнэ 6118 ам.долларт хэлбэлзэнэ гэж таамагласан нь анхаарал татна. Харин олон улсын шинжээчид зэсийн ханшийг 6000 ам.доллараар төсөөлж буй.
Зэсийн үнэн дээр том савлагаа үүсэхгүй, ханш огцом дээш, доошоо хөдлөхгүй гэсэн ерөнхий төсөөлөл байгаа ч урьдчилан яг таг байдлаар таамаглах аргагүй билээ. Олон Улсын таамгуудаас бидний зах зээлийн үнийн төсөөлөл даруй 300орчим ам.доллараар илүү байна.
Төсвийн тухай хуулинд 2017 онд зэсийн үнийг 5137 ам.доллараар тооцож суулгаж өгсөн байдаг. Гэхдээ хэний ч төсөөлөөгүй зэсийн үнийн ханшийн огцом өсөлтөөс үүдэж, манай улсын эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрэв. Бидэнд тохиосон энэ таатай нөхцөл байдал цаашид хэрхэх нь таашгүй байх нь.
М.Баясгалан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ