Аргентины шумбагч хөлөг сураггүй болжээ
Патагония эргээс 44 гишүүнтэй хөдөлсөн Аргентины шумбагч хөлөг сураг тасраад хоёр хонож байгаа аж. Тэнгисийн цэргийн бааз шумбагч хөлгийг хайхаар өргөн хүрээтэй эрлийн ажиллагаа эхлүүлсэн байна.
Шумбагч хөлөг хамгийн сүүлд лхагва гаригт Сан Хорхе булан дах Чубут мужийн эргээс 430 км-ийн зайтай явж байхдаа радио станцаар холбоо тогтоосноос хойш сураггүй болсон тухай Аргентины тэнгисийн цэргийн баазаас мэдээлжээ.
Тэнгисийн цэргийн төлөөлөгч телевизээр мэдээлэл өгөхдөө шумбагч хөлөг яасан нь тодорхойгүй байгаа учраас алга болсон гэж хэлэхэд эрт байна гэжээ. Эрлийн болонаврах багийнхан шумбагч хөлгийг хамгийн сүүлд холбоо барьсан газраас эрлийн ажиллагаа эхлүүлжээ. Аргентины тэнгисийн баазын төлөөлөгч мэдэгдэхдээ тэнгисийн гурван хөлөг онгоц, хоёр нисдэг тэрэг тэнгисийн булангийн 15 хувийг самнасан байна.
Дизель хөдөлгүүртэй, 66 метрийн урт, TR 1700 ангиллын Сан Хуан шумбагч хөлөг бол Аргентины тэнгисийн гурван шумбагч хөлгийн нэг аж. Аргентин энэ шумбагчийг 1987 онд Германаас худалдан авч, 2007-2014 оны хооронд дахин засаж, сэлбэн эдэлгээний хугацааг 30 жилээр нэмэгдүүлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ