Оёдлын салбар мөдхөн "сэргэнэ"

Монгол улс төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжхэд хөнгөн үйлдвэрлэл, түүний дотроос оёдлын үйлдвэрлэл бүрэн зогсонги байдалд орж олон зуун эсгүүрчин, оёдолчид ажилгүй болж байлаа. Ардчилал хөгжиж байгаа сүүлийн хорь гаруй жилийн дотор хувийн хэвшлийн аж ахуй шинээр хөгжиж байна.

Өнөөдөр манай улсад жижиг, дунд үйлдвэрлэлийн 60 гаруй мянган аж ахуйн нэгжид 300 гаруй мянган хүн ажиллаж байна. Оёдлын үйлдвэрлэл ихээр хөгжсөн 169 орноос Монгол улс нь86-р байртбайгаа нь түүхий эдийн нийлүүлэлтийн үнэ, гадаад худалдааны зардал зэргээс хамаарч байгаа аж.

Оёмол үйлдвэрлэлийн салбар нь хүний нөөцийн даац өндөртэй, өрх толгойлсон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын түвшин доогуур иргэдийг ажлын байраар хангадаг чухал салбар юм. 1990-ээд оны сүүл үеэс квотын системийн тааламжтай нөхцөл, АНУ-аас Монгол Улсад олгосон хөнгөлттэй нөхцөлийг ашиглан экспортод тулгуурласан дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай оёдлын үйлдвэрүүд эрчимтэй хөгжиж байв.

Нэг үе энэ салбар 30,000 гаруй хүнийг ажлын байраар хангаж, экспортын нийт бүтээгдэхүүний 29 хувийг дангаараа эзэлж байлаа. Хятад, Хонг Конг, БНСУ зэрэг улс руу квотоо тултал экспортолж байсан бөгөөд зах зээлийн нэмэлт орон зай хайж байсан орнуудын хувьд АНУ руу ямар нэгэн квотын хязгаарлалтгүйгээр оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн гаргах боломж бүхий Монгол Улс үйлдвэрлэл эрхлэхэд тун таатай орон байсан нь гарцаагүй юм.

Харин 2005 оны нэгдүгээр сард квотын систем хүчингүй болсноор дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай олон үйлдвэр хаагдан, уг салбар хүнд байдалд оржээ. Цөөхөн тооны оёдлын үйлдвэрүүд үйл ажиллагаагаа таслалгүй, дотоодын зах зээлд ялангуяа захиалгат бүтээгдэхүүн болох ажлын, хөдөлмөр хамгааллын болон дүрэмт хувцас үйлдвэрлэлээр өнөөдрийг хүртэл ажлаа залгуулж иржээ.

Үүнтэй холбоотойгоор “Оёдлын салбарын хөгжлийн өнөөгийн түвшин, гарц шийдэл” зөвлөгөөнийг саяхан төрийн ордонд зохион байгууллаа. Зөвлөгөөнд хөдөө орон нутаг, нийслэлийн 9 дүүргээс оёдлын үйлдвэрлэл эрхлэгч 1500 гаруй аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөгчид, төрийн байгууллагын хэрэглэгч, худалдан авагчид оролцжээ. Зөвлөгөөнөөр Оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэгчид өнгөрсөн цаг үед хэрхэн амжилт бүтээлтэй ажиллаж ард иргэдээ бүрэн хувцаслах, гадаад зах зээлд оёмол бүтээгдэхүүнийг экспортолж байсан цаг үеэ дурсан санахаас илүүтэй, салбарыг сэргээн хөгжүүлэхэд тулгамдаж буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцсэн аж.

Уг зөвлөгөөнөөс оёдлын салбарыг хөгжүүлэхэд хамгийн эхэнд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, үйлдвэрлэл эрхлэгчдэд итгэлийн зээл олгох, үйлдвэрлэл эрхлэгчдийг кластераар хоршин ажиллах санаачлагыг дэмжих, дотоодын хэрэгцээт ажлын хувцасыг чанарын өндөр түвшинд үйлдвэрлүүлэх зэрэг олон гарцуудыг төр, хувийн хэвшилтэй хамтран хийхээр болжээ. Ийнхүү энэ салбарт төр анхаарах болсоноор удахгүй сэргэх биз ээ.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ