Хүүхдийн мөнгийг ирэх онд 80 хувьд нь олгоно

Засгийн газар ирэх онд хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгох хэлэлцээрийг Олон улсын валютын сантай хийсэн ч эцсийн шийдвэрт хүрээгүй аж.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хэлж буйгаар энэ асуудлыг Олон улсын валютын сантай дахин хэлэлцэх бөгөөд явцын дүнд нийт хүүхдийнхээ 80 хувьд хүүхдийн мөнгө олгох боломжтой болно гэсэн хүлээлттэй байна.Тодруулж хэлбэл, хэлэлцээр нааштайгаар шийдвэрлэгдсэн нөхцөлд 800 мянга гаруй хүүхэд хүүхдийн мөнгө авах бололцоо нээгдэх аж.

Монгол Улсын 2018 оны төсвийн хуулийн төсөлд нийт хүүхдийн 60 хувьд хүүхдийн мөнгө олгохоор заасан юм. Энэ асуудалд УИХ-ын гишүүд “Засгийн газар нийт хүүхдийнхээ 80 хувьд хүүхдийн мөнгө олгох бодлого барьж байгаагаасаа ухарч болохгүй. Цаашлаад бүх хүүхдэд 20 мянган төгрөг олгохын төлөө ажиллах ёстой. Энэ бол ирээдүй хойч үеийнхээ боловсролд хөрөнгө оруулах төрийн бодлогын нэг хэлбэр гэдгийг Олон улсын валютын санд ойлгуулах ёстой” гэсэн байр суурь барьж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ