Францад Оросын байдлын тухай илтгэл танилцуулжээ
ОХУ-ын байдалд зориулж Франц-Оросын дүн шинжилгээний “Обсерво” төвийн бэлтгэсэн “Орос 2017” жил тутмын илтгэлийг лхагва гарагт Парис хотноо танилцуулжээ.
“Энэ нь Обсерво төвийн жил тутмын тав дахь илтгэл төдийгүй онцлог, өвөрмөц ном. Би өөр ийм төслийг мэдэхгүй юм. Энэ номонд эдийн засаг, улс төр, нийгэм, гадаад бодлого, батлан хамгаалах гээд өргөн хүрээтэй асуудлын тухай барагцаалвал 60 шинжээчийн бүтээл орсон” гэж тус төвийн захирал Арно Дюбьен номыг танилцуулахдаа хэлсэн байна.
600 гаруй хуудас эмхэтгэлд орос, францын мэргэжилтнүүдийн өгүүллүүд оржээ.
Өнөөгийн Орос орны олон асуудалд зориулсан бага хурал Францын олон улсын болон стратегийн судалгааны хүрээлэнд болсон юм. Энэ үеэр шинжээч, судлаачид Оросын өнөөгийн байдлын олон талын асуудал хэлэлцэж, ирээдүйн прогноз дэвшүүлсэн байна.
Оросын ерөнхийлөгчийн сонгууль хэлэлцсэн гол асуудлын нэг болжээ. “Одоо бүх хүнийанхаарал 2018 оны гуравдугаар сар, өөрөөр хэлвэл Оросын ерөнхийлөгчийн сонгууль тийш хандаж байна” гэж судалгааны “Европ – Евроази” төвийн профессор Жан Радвани хэлээд, “Владимир Путин одоогоор нэрээ дэвшүүлээгүй байгаа хэдий ч, тэр сонгуульд нэрээ дэвшүүлэх нь ямар ч эргэлзээгүй” гэжээ.
А.Дюбьен хэлэхдээ, “энэ намар Орос орон шинэ мөчлөгт орсон” гэдгийг тэмдэглэсэн байна.
“Биднийг юу хүлээж байна? Холбооны улсын хэмжээний болон бүс нутгийн элитүүд шинэчлэгдэнэ. Ерөнхий сайд, засгийн газар, хүчний бүтэц өөрчлөгдөнө, зарим томхон компанийн удирдлага ч өөрчлөгдөнө” гэж тэр үзэж байна.
“(Владимир) Путин өөрийн дөргөв дэх хугацаанд юу хийх,түүний ерөнхийлөгчийн засаглал ямар байх нь гол асуудал юм гэж шинжээч үзэж байна.
Оросын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2018 оны гуравдугаар сард болно, харин сонгуулийн кампанит ажил бүр 2017 оны 12 дугаар сард эхлэх юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ