Монгол-Оросын бизнес уулзалт боллоо
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) ОХУ-ын Алтайн хязгаар мужийн Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран өчигдөр /2017.11.07/ Монгол-Оросын бизнес уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Бизнес уулзалтад ОХУ-ын Алтайн хязгаар мужийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч тэргүүтэй найман компанийн 10 гаруй төлөөлөгч оролцов.
Тэд Монгол Улс мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс шир, нэхий эдлэл зэрэг бараа бүтээгдэхүүнээ ОХУ-д их хэмжээгээр нийлүүлэх боломжтой. Тарифын болон тарифын бус хориг саадыг арилгах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь зүйтэй гэдгийг хэлж байлаа.
Уулзалтын үеэр манай талаас Цагаан нуур чөлөөт бүсийн талаар танилцуулга хийсэн юм. Монголын баруун бүсэд орших Цагаан нуур чөлөөт бүс нь олон улсын худалдаа, тээврийн зангилаа төв болно гэдгээрээ онцлогтой. Тус чөлөөт бүсийг түшиглэн худалдаа, тээвэр ложистикийн төв байгуулах, байгалийн хий боловсруулах, хуванцар эдлэлийн түүхий эд полиэтилений үйлдвэрлэл болон нефтийн түүхий эд импортлон боловсруулах үйлдвэр байгуулахаар тусгажээ.
Мөн мах боловсруулах үйлдвэр, мах хадгалах зоорь, консерв үйлдвэрлэх жижиг, дунд үйлдвэр барихаар тусгасан аж.
Алтайн хязгаар муж нь Баян-Өлгий, Ховд аймгуудтай хил залгаа учир хоёр талын компаниуд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бүрэн боломжтой гэдгийг энэ үеэр мөн онцоллоо.
Бизнесийн уулзалтын үеэр хоёр талын бизнес эрхлэгчид дугуй ширээ болон ганцаарчилсан уулзалт хийж, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд хамтын ажиллагаагаа өргөжүүлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ