Шүүхийн ерөнхий зөвлөлийн төсвийг гурван тэрбумаар танажээ
Шинэ Засгийн газар 2018 оны төсвийн хуульд засвар хийхдээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн төсвийг гурван тэрбум төгрөгөөр танаж, Авлигатай тэмцэх газрын төсвийг зургаан тэрбум төгрөгөөр нэмсэн нь өдгөө УИХ-ын төвшинд хэрүүл тарьж мэдэхээр болжээ.
Тодруулбал, Ж.Эрдэнэбатын танхим 2018 оны төсвийн хуулийг боловсруулахдаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн төсвийг 51 тэрбум төгрөгөөр тусгасан бол шинэ Засгийн газар 48 тэрбум төгрөг байхаар бууруулж оруулж ирсэн аж.
Өөрөөр хэлбэл, шинэ Засгийн газар Шүүхийн ерөнхий зөвлөлийн төсвийг танаснаас шинээр шүүгч ажиллуулахад цалингүй ажиллуулах нөхцөл үүсээд буй аж. Гэтэл энэ оны долдугаар сарын 1-ээс Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн хуулиуд хэрэгжиж эхэлснээр шүүгч нарын ачаалал 10 хувиар өсчээ.
Мөн УИХ-аас баталсан орон тоогоор бол улсын хэмжээнд 700 шүүгч ажиллах ёстой ч одоогоор 520 шүүгч ажиллаж байгаа аж. Төсөв хүрэлцэхгүйгээс дээрх орон тоогоор ажиллаж байсан. Харин шинэ оноос шүүгч нарын орон тоог нэмэхээр зэхэж байсан ч нэмэх боломжгүй болгожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ