Гэрэгэ бондын 400 сая ам.доллар орж иржээ
Монгол Улсын Засгийн газар олон улсын хөрөнгийн зах зээлд 800 сая ам.долларын бондыг амжилттай босгосон тухай мэдээллийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан,Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн нар арав хоногийн өмнө мэдэгдэж байсан.
Тэгвэл дээрх бондоос 400 сая ам.доллар нь Монголбанкны дансанд шилжиж орж иржээ. Энэ сарын 2-нд буюу уржигдар дээрх валют шилжиж ирсэн байна. Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилт болох 100 сая ам.доллар төв банкны дансанд шилжиж иржээ. Ингэснээр төв банкны валютын нөөц 2 тэрбум ам.долларыг давсан аж.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан өмнө нь УИХ-аар 2018 оны Мөнгөний бодлогыг хэлэлцүүлэх үеэрээ “Одоогоор төв банк 1.7 тэрбум ам.долларын нөөцтэй болсон. Оны төгсгөл рүү валютын нөөцийг нэмэгдүүлж, 2 тэрбумд хүргэх зорилт тавьсан.
Олон улсын зах зээлд босгосон бондыг амжилттай худалдаалсан мэдээллийг Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн өгсөн. Энэ бол маш сайн мэдээ. Ирэх онд валютын ханшийг тогтвортой барих боломж бүрдэж байна” гэсэн мэдээллийг өгч байсан юм.
Онцлоход, Ж.Эрдэнэбатын Засгийн газар дээрх 800 сая ам.долларыг 5.5 жилийн хугацаатай, 5.625 хувийн хүүтэй босгосон нь өмнө гаргаж байсан бондын хүүтэй харьцуулахад бага. Бондыг Гэрэгэ бонд хэмээн нэрлэсэн.
Олон улсын хөрөнгийн зах зээлд Гэрэгэ бондыг амжилттай босгосон нь Засгийн газар Олон улсын валютын сангийн санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь эерэгээр нөлөөлж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээсэн байдаг.
Монгол Улс шинэ он гармагц төлөх Чингис бондын төлбөрийг хийх боломж Гэрэгэ бондыг олон улсын зах зээлд босгосноор бүрдээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ