Бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжье!

Монголын улс төрийн тогтворгүй байдал хөрөнгө оруулагчдыг үргээдэг байсан бол одоо бүр дотоодын бизнес эрхлэгчдийн өмнө хүндхэн сорилт болоод байна.

Мэргэжлийн Засгийн газрыг огцроход бизнес эрхлэгчид уураа барж, зарим нь нийгмийн сүлжээгээр бухимдлаа илэрхийлж байсан. Энэ нь ч аргагүй юм. Он гарсаар хямралын улмаас Монгол Улсад бүртгэлтэй нийт аж ахуйн нэгжийн 54.6 хувь буюу 44624 нь үйл ажиллагаагаа зогсоосон байдалтай байна.

Хаалгаа барьсан аж ахуйн нэгжийн дийлэнх ньжижиг, дунд үйлдвэр байсан аж. Манай улсад жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг 66500 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Өнөөдрийн байдлаар жижиг дунд бизнес эрхлэгчдийн 67 хувь нь ХХК гэгдэж байгаа бол найман хувь нь ХК болон нөхөрлөл, үлдсэн хувь нь иргэд байгаа юм.

Харин үйл ажиллагааны чиглэлээр нь авч үзвэл 31.9 хувь худалдааны, 21.8 үйлчилгээний, 21.3 хувь нь үйлдвэрлэлийн, үлдсэн хувь нь тээврийн салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 93 хувь нь 30 хүртэлх тооны ажилтантай байдаг бөгөөд тэдгээрийн 70 хувь нь ердөө 1-7 ажилчинтай байдаг гэх.

Харин жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн тогтвортой байдлыг харвал 10 хувь нь нэг жил хүртэл, 35 хувь нь 1-5 жил, 30 хувь нь 5-10 жил, үлдсэн 25 хувь нь 10-аас дээш жил үйл ажиллагаа эрхэлсэн гэсэн тоо гарчээ. Манай улс өнгөрсөн хугацаанд баялаг бүтээгчдээ дэмжих чиглэлд хэд хэдэн ажил эхлүүлсэн. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд чиглэсэн зээл, татварын хөнгөлт нь хамгийн далайцтай арга хэмжээ болсон юм.

Гаалийн албан татвараас чөлөөлөх, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн үргэлжлэх хугацааг өнгөрсөн хавар дахин сунгаж хуулийн төслийг баталснаар жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж байгаа тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2016 оны 12 дугаарсарын 31-ний өдрийг хүртэл татвараас чөлөөлсөн.

Өнгөрсөн хугацаанд хөнгөлөлт чөлөөлөлтөд 936 нэр төрлийн тоног төхөөрөмжийг хамруулсан бөгөөд жилд ойролцоогоор 26 орчим тэрбум төгрөгийн татвар, хөнгөлөлт чөлөөлтөд хамрагддаг аж. Мөн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийг олгож эхлээд нэлээд хугацаа өнгөрсөн ба зээлийн эргэлтийн хөрөнгө 322 тэрбум төгрөг байдаг.

Дэлхийн улс орнуудаас жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар хамгийн амжилттай хөгжсөн орноор Өмнөд Солонгос Улс нэрлэгддэг байна. Тус улсын нийт аж ахуйн нэгжүүдийн 99.9 хувь нь ийм салбарынх байдаг аж.

Мөн нийт хөдөлмөрийн насныхны 90 хувь нь ажилладаг, дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувийг бүрдүүлж, нийт экспортын 35 хувийг жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар бүрдүүлдэг гэсэн судалгаа байна. Харин манай улсын аж ахуйн нэгжүүдийн 90 орчим хувь нь жижиг, дунд үйлдвэрт хамаардаг бөгөөд төсвийн орлогын 10 орчим хувийг бүрдүүлдэг аж. Үүнээс харахад жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн тоо хангалттай олон байгаа ч үйл ажиллагааны хувьд далайц багатай нь ажиглагдаж байгаа юм. Тиймээс төрөөс бодлогоор уг салбарыг дэмжиж, хөрөнгө оруулалтаар хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ