ОУВС: Монголын эдийн засаг сэргэж байгаа гэж дүгнэжээ
ОУВС-аас Монголд хийсэн төлөвлөгөөт шалгалтын дүгнэлтийн талаар хэвлэлийн мэдээгээ вэб сайтдаа байршуулжээ. Тус хэвлэлийн мэдээнд Монгол Улсын гадаад нөхцөл байдал сайжирч, эдийн засаг нь сэргэж байгаа ба ДНБ-ийн өсөлт энэ онд 3.3 хувь цаашлаад 2018 онд 4.2 хувьд хүрэх төлөвтэй байгааг эхэнд нь тодотгоод бүх зорилтууддаа хүрснээр итгэлцэл сайжирч байгаа гэж дүгнэсэн байна.
Geoff Gottlieb-ээр ахлуулсан ОУВС-ийн ажлын хэсэг Улаанбаатар хотод 2017 оны 10-р сарын 18-30-ны өдрийн хооронд ажиллаж, 2017 оны 5-р сарын 24-ны өдөр 3 жилийн хугацаатай батлагдсан Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөрийн хүрээн дэх нэгдүгээр болон хоёрдугаар шатны дүгнэлтийг хийжээ.
Ноён Geoff Gottlieb тус ажлын хэсгийн айлчлалыг дүгнэж:
“Нүүрсний экспорт өссөн, үйлчилгээ худалдааны салбар сэргэсэн, ОУВС-ийн хэрэгжүүлж байгаа хөтөлбөрөөс үүдэлтэйгээр Монгол Улсад итгэх итгэл өссөн зэрэг шалтгаануудын улмаас тус улсын эдийн засаг төсөөлж байснаас илүү тэлж оны эцэст 3.3 хувийн өсөлттэй гарахаар байна. Тоон үзүүлэлтүүдээр хөтөлбөрийн гүйцэтгэл зорилтдоо хүрсэн байгаа. Төсөвт хийсэн реформын дагуу орлогыг дэмжиж, зардлыг чангатгаснаас гарсан үр дүн мөн тооцоолж байснаас сайн гарсан. 2016 онд төсвийн алдагдал ДНБ-ийн 17 хувьтай тэнцэх хэмжээнд байсан бол энэ онд 7.5 хувь хүртэл буурахаар харагдаж байна.
2018 онд төсвийн алдагдлыг ДНБ-ийн 6.5 хувьд барихаар хөтөлбөрт шинэчлэлт оруулсан ба үүнтэй зэрэгцээд эрх баригч нар ирэх оны төсвийг хэлэлцэх гэж байна. Эрх баригчид нэмэлт орлогын тал хувийг хуримтлуулж, өрийн тогтвортой байдлыг бий болгоход зарцуулахаар зорьж байгаа ба үлдсэн хэсгийг засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу үр ашигт санхүүжилтэд ашиглана. Эрх баригчид төрийн албан хаагчдад зориулж нэг удаагийн урамшууллыг энэ онд эсвэл ирэх онд олгохоор шийдсэн. Гадаад валютын цэвэр нөөц ихсэж, 2017 болон 2018 онд төлөгдөхөөр хүлээгдээд байсан засгийн газрын гадаад бондуудыг харьцангуй хүү багатай шинэ бондоор төлсөн тул тулгараад байсан гадаад эрсдэлүүд арилсан" хэмээн онцолжээ.
Мөн Банкны салбарын эрүүл, тогтвортой байдлыг бүрдүүлэх активын чанарын иж бүрэн үнэлгээ хийгдэж байгаа ба 12 сарын дунд гэхэд үр дүн гарахаар хүлээгдэж байна. Мөн санхүүгийн тогтолцоог бэхжүүлэх хууль эрх зүйн шинэчлэл хийгдэж, зохицуулалт, хяналт шалгалтын хүрээг сайжруулах ажил явагдана.
Татварын удирдлага, татварын бодлого, төсвийн хяналтыг бэхжүүлэхэд тогтвортой ахиц дэвшил гарч байгаа. Үүний хүрээнд төсвийн зөвлөл болон татварын бодлогыг тодорхойлох дээд түвшний ажлын хэсэг байгуулагдсан. Шинэчлэлийн инерцийг 2018 оны турш үргэлжлүүлж, хадгалснаар урт хугацааны үр дүнд тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм.
Тиймээс Засгийн газар хөтөлбөрийн хүрээнд амлалтдаа хүрэх гэсэн идэвх санаачлагатай байгаа нь сайшаалтай. Эрх баригчид болон ажлын хэсгийнхэн хөтөлбөрийн хүрээнд нэгдүгээр болон хоёрдугаар шатны хяналтын ажлыг хийж гүйцэтгэж, дүгнэлтэд хүрсэн бөгөөд цаашид Захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцэнэ гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ