БНАСАУ-ын цөмийн талбайд 200 хүн амь үрэгджээ
Умард Солонгосын Пунгеригийн цөмийн туршилтын талбайд хонгил нурснаар 200 орчим хүн амь үрэгджээ. Энэ талаар Өмнөд Солонгосын “KBS World Radio” Японы телевизийн Asahi TV сувгийн мэдээг иш татан уламжилсан байна.
Уг осол бүр есдүгээр сарын 10-нд болсон ч мэдээлэл нь өнгөрсөн мягмар гарагт л тодорхой болжээ. Мэргэжилтнүүдийн хэлснээр, барьж байсан хонгил нурснаар 100 орчим ажилчин нурангид дарагдсан байна. Үүний дараа хөрс дахин нурж, 100 орчим аврагч амь үрэгджээ.
Хөрс нурсан нь есдүгээр сарын 3-нд хийсэн цөмийн туршилтаас үүдэлтэй байж болохыг үгүйсгэхгүй байна.Тэр үед Пхеньяны эрх баригчид устөрөгчийн бөмбөг амжилттай туршсан тухайгаа албан ёсоор зарласан юм. Энэхүү цэнэгт хушуу нь тив хоорондын баллистик пуужинд суурилуулахад зориулагдсан ажээ. Туршилтын үеэр цацраг идэвхит бодис алдагдсан нь бүртгэгдээгүй байна.
Мөн БНАСАУ-д 5,6 магнитудын газар хөдлөлт бүртгэгдсэнийг тэр өдөр Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг мэдээлжээ. Энэ нь цөмийн туршилттай холбоотой хэмээн өмнөдийн тал үзсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ