Каталончууд тусгаар тогтнолоо зарлалаа
Каталончууд Испанийн бүрэлдэхүүнээс салан тусгаарлахын төлөө санал асуулга явуулснаас сарын дараа тусгаар тогтнолоо албан ёсоор зарлалаа. Баасан гарагийн үдээс хойш Каталоны орон нутгийн парламент санал хураалт явуулж шийдвэрээ зарласан байна.
Барселоны гудамжинд иргэд баяраа тэмдэглэж эхлэхтэй зэрэгцэн Мадрид даруй сөрөг мэдэгдэл гаргалаа.
Испанийн парламент ерөнхий сайд Мариано Рахойд тус мужийн удирдлагыг шууд гартаа авах эрх мэдэл өгсөн байна. Испанийн үндсэн хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу Рахой болон түүний засгийн газар Каталоны засаглалыг гартаа авч, удирдагчдыг нь огцруулж, шинэ сонгууль зарлах ёстой.
Аравдугаар сарын 1-нд болсон санал асуулгын дараа Каталончууд шууд тусгаар тогтнолоо зарлаж болох байсан. Гэвч Каталоны тэргүүн Карлес Пуйчдемон эхлээд Мадридтай зөвшилцөх санал гаргаж, зарлах ажиллагааг түр хойшлуулаад байв.
Харин Мариано Рахой тэдний санал асуулгыг хууль бус гэж үзэн, яриа хэлэлцээрээс эрс татгалзсан юм.
Тиймээс Пуйчдемон асуудлыг парламентийн санал хураалтаар эцэслэн шийдэхээр болж, өчигдөр Каталоны парламентийн 135 гишүүнд сонголтыг үлдээсэн байна. Санал хураалтын дүн 70:10 болж, гишүүдийн олонх нь тусгаар тогтнолоо зарлахыг дэмжжээ. Сөрөг хүчнийхэн санал хураалтыг эсэргүүцэж, оролцоогүй юм.
Ингэснээр Мадридын засгийн газар хамгийн хэцүү хувилбараар Каталоны асуудлыг шийдэхээс өөр аргагүй боллоо. Үндсэн хуулийн 155 дугаар зүйл өнөөдрийг хүртэл ганц ч удаа хэрэгжиж байгаагүй.
Генерал Франкогийн дэглэмийг унагаж, ардчилсан засаглалд шилжсэнээс хойшх 40 орчим жилийн хугацаанд анх удаа энэхүү заалтыг хэрэгжүүлэх гэж байгаа тул маш эрсдэлтэй алхам юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ