Засгийн газрын тогтворгүй байдал бизнест сөргөөр нөлөөлдөг
МУИС, Бизнесийн сургуультай хамтран Монгол Улсын эдийн засаг, бизнесийн салбарын судалгааг хийсэн байна. Энэхүү судалгаанд нийт 1573 аж ахуй нэгж хамрагдсан бөгөөд 46 хувь нь худалдаа, 21 хувь нь үйлчилгээ, 14 хувь нь боловсруулах үйлдвэрлэл, 20 хувь нь бусад чиглэлийн аж ахуй нэгж хамрагдсан аж.
Судалгааныхаа танилцуулгыг өнөөдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд хийлээ. Танилцуулга уулзалтад эдийн засагчид, эрдэмтэн судлаачид, аж ахуй нэгжийн төлөөлөл ирсэн юм.
Судалгаанаас харахад Монголын бизнесийн орчинд хамгийн сөрөг нөлөөтэй нь Засгийн газрын тогтворгүй байдал, тендер шалгаруулалт, төрийн албан хаагчдын авлига, хүнд суртал зэрэг бэрхшээлийг дурджээ.Тэр дундаа Засгийн газрын тогтворгүй байдал хамгийн хангалтгүй гэсэн үнэлгээг авсан байна.
Монгол Улсад бизнес эрхлэх орчныг бүс нутгаар ангилж үзвэл Улаанбаатар хотод хамгийн хэцүү, төсвийн бүсэд харьцангуй таатай гэж гарчээ.
Дэд бүтцийн хувьд дараах дөрвөн зүйл хангалтгүй үнэлгээ авчээ. Үүнд:
- Далайд гарцгүй
- Шатахуун түлшний үнэ
- Дэвшилтэд технологийн нэвтрүүлэлт зохицуулалт
- Засгийн газраас үзүүлж буй техник, технологийн тусламж дэмжлэг
Дэд бүтцийн хувьд дээрх дөрвөн зүйл хангалтгүй үнэлгээ авсан бол эдийн засгийн орчин талаас хэд хэдэн үзүүлэлт анхаарал татав. Тухайлбал, татварын давхардал, ханшийн хэлбэлзэл, зээлийн хүүгийн хэмжээ гэх мэт үзүүлэлтэд таагүй гэсэн үнэлгээ тавьжээ.
Гэхдээ бизнес эрхлэгчид бүх зүйлийг таагүй, хэцүү байна гэж шүүмжлээгүй гэдгийг МУИС-ийн Бизнесийн сургуулийн профессор, Судалгааны багийн ахлагч Б.Даваасүрэн онцлов. Бизнесийн үйл ажиллагааг зохицуулах хууль эрх зүйн зохицуулалтаас Компанийн тухай хууль харьцангуй сайнхууль болсон гэж дүгнэжээ.
Үүнээс гадна бизнес эрхлэгчдийн зүгээс хүн амын худалдан авах чадвар муу байгааг онцолсон байна.
Монгол Улс экспорт, импортын асуудалд үргэлж хоёр хөрштэйгөө харьцдаг. Тэр утгаараа ОХУ-тай харилцаж байгаа бизнес эрхлэгчдийн 57 хувь нь бэрхшээлтэй гэсэн хариултыг өгсөн бол БНХАУ-тай харьцаж байгаа аж ахуй нэгжийн 55 хувь нь бэрхшээлтэй гэсэн хариултыг өгчээ. Гэхдээ энэ бол зөвхөн бизнес эрхлэгчдийн байр суурь гэдгийг анхаарах нь зүйтэй болов уу.
Дээрх бэрхшээлийг даван туулахын тулд дараах бодлого арга хэмжээг авах ёстой гэж бизнес эрхлэгчид үзжээ. Үүнд:
- Татварын дарамтыг багасгах, оновчтой бодлогоор хөнгөлөлт үзүүлэх
- Зээлийн хүүг бууруулах, уян хатан хандах. Банк санхүүгийн байгууллагаас зээл авах процессыг хялбаршуулах, дотоод хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх.
- Үндэсний үйлдвэрлэгчээ дэмжих оновчтой бодлого хэрэгжүүлэх
- Авлига хээл хахууль, хүнд суртлыг арилгах, шударга өрсөлдөөн эдийн засгийн таатай орчин бий олгох.
- Тогтвортой, алсын хараатай, залгамж холбоотой төрийн бодлого явуулах.
- Сайдууд болон төрийн боловсон хүчнийг сонгохдоо салбарын мэдлэгтэй мэргэжлийн хүнийг ур чадвараар шалгаруулж томилдог байх.
- Төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулж, шат дамжлагыг багасгах, цахимжуулах.
- Санхүүжилтийн эх үүсвэрийг /хөрөнгийн зах зээл/ нэмэгдүүлэх, гадны хөрөнгө оруулалт, олон улсын зээл санхүүжилт татах.
- Ядуурлыг бууруулж, ажлын байраар хангах. /Дундаж орлоготой иргэдийн тоог нэмэгдүүлэх/
- Дэд бүтэц, орон нутгийн авто замыг сайжруулах, хот төлөвлөлтийг оновчтой болгох.
- Хууль эрх зүйн тогтвортой бодлогоор хангах, хэрэгжүүлэх /Засгийн газар солигдох бүрт өөрчлөгдөхгүй байх/
- Жижиг дунд аж ахуй нэгжийн НӨАТ, ХХОАТ, байгууллагаас төлөх НДШ-ийн хувь хэмжээг бууруулж өгөх зэрэг зүйлийг дурджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ