“Экспо Монголиа 2017”-д технологийн шийдлүүдээ танилцуулна
Бүх салбарын компаниудыг өргөнөөр оролцуулдаг, орчин үеийн техник тоног төхөөрөмжүүдийг танилцуулдгаараа танигдсан “Экспо Монголиа 2017” олон улсын үзэсгэлэн энэ сарын 10-12-ны өдрүүдэд Мишээл Экспо төвд болох гэж байгаа аж.
Тус үзэсгэлэнгийн талаар өнөөдөр зохион байгууулагчдын зүгээс мэдээлэл хийлээ.
JV Consult LLC компанийн гүйцэтгэх захирал Д.Нарангиймаа "Экспо Монголиа үзэсгэлэн нь Монгол Улсад тав дахь удаагаа явагдах гэж байна. Үзэсгэлэн нь зөвхөн уул уурхай, барилга гэлтгүй бүх салбарыг хамардаг, олон улсын хэмжээнд явагддаг, мөн Европын стандартын дагуу бүх тохижуулалтаа хийдэг гэдгээрээ онцлог.
Үзэсгэлэнд ХБНГУ, БНСУ, Итали, БНХАУ, Беларусь, Монголын аж ахуйн нэгжүүд оролцож, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, тоног төхөөрөмж, сүүлийн үеийн технологийн шийдлүүдээ танилцуулна.
"Экспо Монголиa" олон улсын үзэсгэлэнгийн үеэр түүнчлэн "Хөрөнгө оруулалт, Инноваци" сэдвийн доор тогтвортой хөгжлийн бага хурал болно.
Бага хурлын үеэр "Экспорт, импортын санхүүжилтийн боломжууд", "Монголын даатгалын зах зээлийн өнөөгийн байдал ба хөрөнгө оруулалт", "Үйлдвэрийн гаралтай тоос, тоосонцрыг хянах, дарах шийдлүүд", "Технологийн паркуудад хөрөнгө оруулах боломж", "Барилгын халаалтын системд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах боломж" гэх зэрэг сонирхолтой сэдвүүдээр туршлагатай компаниуд болон төр засгийн байгууллагууд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ" гэв.
ЭКСПО МОНГОЛИА ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХ САЛБАРУУД:- Барилга, байгууламж
- Уул уурхай
- Нүүрс, байгалийн нөөц баялаг
- Дэд бүтэц
- Байгаль орчны технологи, хотын тоног төхөөрөмж
- Туслах эрчим хүч, цахилгаан
- Эмнэлэг эрүүл мэндийн хангамж, үйлчилгээ
- Хөдөө аж ахуй, ойжуулалт
- Хоол хүнс, боловсруулалт
- Тээвэрлэлт болон логистик
- Аж үйлдвэр,үйлдвэрлэл, тог цахилгаан
- Мэдээлэл, харилцаа холбооны технологи
- Банк, санхүү
- Судалгаа, боловсрол, нийгмийн үйлчилгээ
- Редакцууд, мэдээлэл, хэвлэх үйлдвэрлэлт
Олон улсын тав дахь удаагийн үзэсгэлэнд 100 гаруй оролцогчид бүтээгдэхүүн, техник технологио танилцуулах юм. Мөн үзэсгэлэнд оролцогчид “Эскпо Монголиа 2017”-ын зохион байгуулагчдаар дамжуулан олон улсын зочид төлөөлөгчидтэй урьдчилан товлосон уулзалт хийх боломжтой аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ