Монгол-Хятадын экспо: Мега төслүүдийн танилцуулга
ӨМӨЗО-ны Хөх хотод “Монгол-Хятадын экспо-2017” арга хэмжээ болж буй. Энэхүү арга хэмжээний хүрээнд монголчууд бараа бүтээгдэхүүнээ урд хөршид сурталчлаад зогсохгүй, олон салбар хуралдаанууд зохион байгуулагдаж байна. Энэ хүрээнд Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын орчны танилцуулга болон мега-төслүүдийн танилцуулгын хэлэлцүүлэг өчигдөр /2017.09.26/-д болж өндөрлөлөө.
Тус хуралд Монголын талыг төлөөлж Үндэсний хөгжлийн газрын захирал н.Баярсайхан хөрөнгө оруулалтын орчин болон нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай, эдийн засгийн өндөр үр өгөөжтэй мега-төслүүдийн танилцуулгыг Хятадын талд танилцууллаа. Ингээд түүний түүвэрлэсэн мега-төслүүдийн танилцуулгыг хүргэж байна.
Монгол Улс бизнесийн орчны хувьд зах зээл жижигхэн ч газар зүйн байршлын хувьд ОХУ болон БНХАУ гэсэн хоёр том зах зээлийн дунд оршиж байна. Үүний зэрэгцээ, Япон болон БНСУ зэрэг том зах зээлтэй ойр оршдог гэдэг утгаараа газар зүйн байршлын хувьд стратегийн чухал ач холбогдолтой билээ.
Энэхүү өвөрмөц байршил нь эцсийн бүтээгдэхүүнийг хямд өртөгөөр үйлдвэрлэн зөвхөн хөрш орнууд гэлтгүй дэлхийн зах зээлд хамгийн дөт замаар, хөнгөлттэй үнээр нийлүүлэх боломжийг олгож байгаагаараа давуу талтай юм. БНХАУ бол Монгол улсын хувьд гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын хамгийн том түнш. Тодруулбал, 1990-2016 оны наймдугаар сарын байдлаар БНХАУ-аас манай улсад 5.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгджээ. Энэ нь нийт хөрөнгө оруулалтын 27.2 хувийг эзэлж байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ 112 улсаас хоёрт бичигдэж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийт 13 мянга 696 гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж бүртгэлтэй байгаагаас 50 орчим хувь буву 6640 нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж үйл ажиллагаагаа эрхэлж байна.
Монгол Улсад нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байгаа, эдийн засгийн өндөр ач холбогдол бүхий төслүүдээс түүвэрлэн хүргэе.
ЗАМ ТЭЭВРИЙН САЛБАРТ
- Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг шинэчлэх төсөл
Энэ төслийн хүрээнд “Улаанбаатар-Дархан” чиглэлийн 204.6 км автозамыг дөрвөн эгнээтэй цемент бетон хучилттай нэгдүгээр зэргийн автозам болгон өргөтгөн шинэчлэх юм. Уг төслийн нийт өртөг нь 766 сая ам.доллар ажээ.
- Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн олон улсын чанартай автозамын төсөл
Энэ төсөл нь Монгол Улсын аж үйлдвэрийн томоохон төвүүд, газар тариалан, мал аж ахуй, эдийн засгийн гол бүс нутгийг дамжин өнгөрөхөд холбогдох чухал ач холбогдол бүхий зам юм.
- Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн их даацын хатуу хучилттай автозамын төсөл
Нийт 220 сая ам.долларын өртөг бүхий энэ төсөл нь Монгол Улсын Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо суманд хэрэгжих юм.Өдөрт дунджаар нэг талдаа 400-500 автомашинаар нүүрс тээвэрлэдэг хуучин замыг Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 250 км хатуу хучилттай автозам болгосноор хилийн боомт хүрэх нүүрсний экспортын тээврийн зардал тонн тутамдаа найман ам.доллараар буурах, жилдээ 30 сая тонн хүртэлх хэмжээний экспорт хий боломжтой болно.
- Баруун-Урт-Бичигт чиглэлийн хатуу хучилттай автозамын төсөл
Энэ зам нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаасэхлэн тус аймгийн Асгат, Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрээр тус тус дайран өнгөрнө. Нийт 272 км үргэлжлэх хатуу хучилттай автозамын төслийн нийт төсөвт өртөг нь 81.5 сая ам.доллар ажээ.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЛБАР
- Цагаан суваргын зэс молебдины уулын баяжуулах үйлдвэрийн төсөл
Монгол Улсын Засгийн газар, Монгол алт компани болон Эрдэнэс цагаан суварга компанийн хооронд “Цагаан суваргын зэс молибдены уулын баяжуулах үйлдвэр”-ийн төсөл дээр хөрөнгө оруулалтын гэрээг 2015 оны аравдугаар сарын 21-.д байгуулсан байдаг. Төсөл хэрэгжсэнээр улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр 3.3 их наяд төгрөг буюу жилд дунджаар 185 тэрбум төгрөгийг төвлөрүүлж 1120 монгол иргэдийг ажлын байраар хангана.
- Хайлуур жоншны баяжуулах үйлдвэр төсөл
Монгол-Чех металл компанийн Чулуут цагаан дэлийн уурхайг түшиглэн байгуулах энэ үйлдвэр нь Төв аймгийн Баянцагаан суманд хэрэгжинэ. Нийт хөрөнгө оруулалт нь долоон сая ам.доллар аж. Төсөл хэрэгжсэнээр тухайн компани хөрөнгө оруулалтаа хоёр жилийн дотор нөхөн бүрэн боломжтой бөгөөд орлого нь 16.6 сая төгрөг, жилийн цэвэр ашиг таван сая ам.доллар байх тооцоо гарчээ.
- Багануур үйлдвэрлэл, технологийн парк, дэд бүтцийн өргөтгөлийн төсөл
Энэхүү төсөл хэрэгжсэнээр бүс нутгийн дэд бүтэц болон шинээр байгуулагдах үйлдвэрүүдийг шаардлагатай эрчим хүч, дулаан ус, мэдээлэл, холбоо, зам сүлжээгээр бүрэн хангах боломжтой. Уг төслийн төсөвт өртөг нь нийтдээ 30.7сая ам.доллар ажээ.
- Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр
Өмнөговь аймгийн Ханбогд суманд байгуулах төсөл нь үйлдвэрийн нийт хувьцааны 10-аас доошгүй хувийг хөрөнгө оруулалтын зардал гаргахгүйгүйгээр, түр үнэ төлбөргүйгээр эзэмшихээр тогтоов. Уг ажлыг эрчимжүүлэх хүрээнд байршил солигдсонтой холбоотойгоор ТЭЗҮ-д тодотгол оруулах, шаардлагатай тохиолдолд ТЭЗҮ-г шинээр боловсруулах, хөрөнгө оруулж, хамтран ажиллах, хөрөнгө оруулагчийг сонгох, холбогдох гэрээ хэлцлийг хийх бэлтгэл ажлыг хангаж байна
- Нүүрсийг гүн боловсруулж, нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл
Тавантолгойн ордын нүүрсний давхаргын метанн хийг олборлож, экспортод гаргах замаар эдийн засгийн эргэлтэд оруулах судалгааны ажлыг эхлүүлсэн байна. Орд газарт батлагдаад байгаа 3.7 тэрбум тонн эрчим хүчний нүүрс болон 0.2 тэрбум тонн эсэлдсэн нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар нүүрсийг гүн боловсруулж, нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр барих төсөл юм.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЛБАРТ
- Яармагийн спорт цогцолбор, шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх төсөл
Хан-Уул дүүргийн 16-р хорооны 2.2 га газарт хэрэгжих төслийн төсөвт өртөг 16.1 сая ам.доллар юм байна. Энэ төсөл хэрэгжсэнээр нийт 210 ажлын байр бий болно.
- Эдийн засгийн коридорын зам дагуух Замын-Үүд чөлөөт бүсийн 200 га газарт үйлдвэрийн парк байгуулах төсөл
Энэ төслийн хүрээнд Замын-Үүдийн Чөлөөт бүс ӨМӨЗО-ны худалдааны танхим хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Монголын тал Замын-Үүдийн Чөлөөт бүсийн 200 га талбайд 58.5 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийсэн. Үүнээс гадна, Барилга, хот байгуулалтын салбарын бодлогын хүрээнд чөлөөт бүсийн хот байгуулалтын төсөл хэрэгжүүлж, зориулалтын барилга байгууламж барих шаардлагатай байна. Тодруулбал, эхний ээлжинд чөлөөт бүсийн худалдаа, барилгын материалын импортын нэгдсэн хангамж сорилт, шинжилгээний лаборатори,авто тээвэр ложистикийн цогцолбор гэсэн төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
АЯЛАЛ ЖУУЧЛАЛЫН САЛБАРТ
- Түр буудллах цэг төсөл
Энэхүү төсөл хэрэгжсэнээр орон нутгийн хөгжлийг дэмжих, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, тэдэнд сууриласан аялал жуучлалыг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой.
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ
- Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төсөл:
Тус төсвийн нийт өртөг нь 322.1 сая ам.доллар юм байна. Үүнээс дэд бүтцийн бүтээн байгуулалтад 150 сая ам.доллар, үйлдвэрийн бүтээн байгуулалтад 170 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ. Төлөвлөлт хийж буй талбай нь Улаанбаатар хотоос 30 км орчим, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Аргалант, Эмээлтийн сууршлын бүстэй хил залган “Шар хөцийн хоолой” гэдэг газарт нийт 160 га талбайг хамарч байна.
Уг паркад арьс шир боловсруулах үйлдвэрийн бүс, ноос ноолуур угаах, самнах үйлдвэрийн бүс, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл, сав баглаа боодлын үйлдвэрийн бүс, дахин боловсруулах үйлдвэрийн бүсийг тус тус бий болгохоор төлөвлөв.
- Монгол Ээдэнцэр кластер төсөл
Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх төсөлд нийт арван аймгийн 108 сумыг хамарсан хөдөө, орон нутагт сүүний хүргэлттэй тасаг 285, сумын жижиг үйлдвэр 50, боловсруулах үйлдвэр 5 олон улсын жишигт нийцсэн лаборатори, зориулалтын агуулах нэгийг байгуулахаар тооцоолжээ.
Манай улс 874 сая литр сүү саах нөөцтэй. Үүний 20 хувь болох 180 сая литр сүүг ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөж байна. Төслийн нийт өртөг 47.7 сая ам.доллар юм байна.
- Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төсөл
Монгол улсын нийт сумдын эдийн засгийн гол салбар нь хөдө аж ахуйн салбар. Цаашид сум, орон нутгийг хөдөө, ажахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээ иж бүрэн болосруулдаг болгох, ард иргэдийн хүнсний хэрэгцээг хангадаг болох, мөн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ үндэсний нэмүү өртөгийн сүлжээнд нийлүүлдэг болгоход дээрх парк чухал ач холбогдолтой юм.
Өнөөдрийн байдлаар, Архангай аймгийн Эрдэнэмандал, Булган аймгийн Сэлбэ сумдад техник, эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулаад байна. Төслийн нийт хөрөнгө оруулалт нь 12 сая ам.доллар бөгөөд түүхий эдийн нөөц сайтай судад энэ төсөл хэрэгжих боломжтой юм.
- Мал аж ахуй, махны экспортын эрүүл бүс төсөл
Эрчимт тэжээлийн аж ахуйд суурилсан улиралын болон малын өвчнөөс хараат бус экспортод чиглэсэн эрүүл бүс бүхий махны жишиг үйллвэрийн байгуулах төсөл юм. Энэт төсөл нь Өвөрхөнгай аймгийн Хужирт суманд хэрэгжинэ. Төслийн хүрээнд малын эрчимт тэжээлийн аж ахуй, тэжээлийн үйлдвэр, экспортын баримжаатай мал төхөөрөх үйлдвэр, мал эмнэлэг, хорио цээр сорилт шинжилгээний лабораторийн цогцолборыг байгуулна.
- Хог хаягдлыг дахин боловсруулах эко парк байгуулах төсөл
Төсөл хэрэгжсэнээр хог хаягдлаас цахилгаан дулаан биодизель, хийбарилгын материал, резенин эдлэл, хуванцар бэлдэц, гэх мэт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэх боломжтой болох юм. Төслийн төсөвт өртөг нь 100 сая ам.доллар ажээ.
ИйнхүүХөх хотод хоёр дахь удаагаа болж буй “Хятад-Монголын экспо”-г сонирхох хүмүүс олон байсан юм. Эндээс харахад хятадууд болон өвөрмонголчууд Монголын бараа бүтээгдэхүүнийг худалдан авах дуртай, монголчууд урд хөршийн асар том зах зээлд Монголчууд бараа бүтээгдэхүүнээ гаргах сонирхолтой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ