ББСБ-ууд 2.4 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ
2017 оны хоёрдугаар улирлын байдлаар улсын хэмжээнд тусгай зөвшөөрөлтэй 533 банк бус санхүүгийн байгууллага (ББСБ) албан ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа тоо гарчээ. Үүнээс хөдөө орон нутагт 12.4 хувь, нийслэлд 87.6 хувь нь идэвхитэй ажиллаж байна.
Тэдгээрийн 96.6 хувь буюу нийт 515 ББСБ Санхүүгийн зохицуулах хороонд тайлангаа ирүүлжээ. Санхүүгийн зохицуулах хорооны тайлангаас харахад Банк бус санхүүгийн байгууллагуудын 90 хувь нь зээлийн үйл ажиллагаа, 27.6 хувь нь гадаад валютын арилжаа хийж байгаа аж. Салбарын нийт хөрөнгө 2016 оны мөн үеэс 26.5 хувиар өсч, 855.8 тэрбум төгрөгт хүрсэн байна. Үүнээс харахад иргэд банкинд бус ББСБ-д хандах нь ихэссэн нь илт.
Нийт активын төвлөрлийг харвал, 2.5 тэрбум төгрөгөөс дээш активтай 67 Банк бус санхүүгийн байгууллагын актив нь нийт активын 53.9 хувийг бүрдүүлж байна.
Түүнчлэн 2017 оны эхний хагаст ББСБ-ууд нийт 314.3 тэрбум төгрөгийн зээл олгож, үүнээс 236.8 тэрбум нь эргэн төлөгдсөн байгаа юм. Нийт олгосон зээлийг төрлөөр нь харвал 45.5 хувь нь хэрэглээний, 22.2 хувь нь худалдааны салбар, 11.3 хувь нь барилгын салбарт харин үлдсэн хувийг уул уурхай болон боловсруулах үйлдвэрийн салбарт олгожээ.
Хоёрдугаар улиралд ББСБ-ын ашиг 12.4 хувиар буюу 3.1 тэрбум төгрөгөөр өсч, 28.1 тэрбум төгрөгт хүрсэн байна. Ингэхээр 533 Банк бус санхүүгийн байгууллагын 409 нь нийт 32.4 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ