Төрийн банкны хувьчлалыг хойшлуулжээ
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Төрийн банкны хувьчлалыг нэг жилээр хойшлуулжээ.
Төрийн өмчит долоон компанийг 2017 онд бүрэн хувьчлах УИХ-ын тогтоол гарсан ч, Сангийн яамны саналаар Төрийн банк, Хөрөнгийн бирж, Төлбөр тооцооны төв зэрэг төрийн өмчит компаниудыг 2018 онд хувьчлах жагсаалтдаа оруулснаа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор тайлбарлалаа. Тэрбээр “2017 оны төсөвт суулгасан хамгийн том хувьчлал Төрийн банк байсан.
Төрийн банкны хувьчлалын үнэлгээ 300 тэрбум байгаагаас 225 тэрбум төгрөгийг банкны үйл ажиллагааг сайжруулахад зарцуулах үүднээс Монгол банкинд шилжүүлж, үлдсэн 75 тэрбум төгрөгийг төсөвт оруулна гэж тооцсон. Ингээд Төрийн банкны хувьчлалын хүрээнд Монгол банк, Засгийн газар, Төрийн өмч, бодлого зохицуулалтын газраас бүрдсэн Ажлын хэсэг байгуулаад судалгааны ажлыг хийсэн.
Хувьчлалын гол ажлыг Сангийн яам удирдах зохицуулалттай. Гэхдээ Сангийн яамнаас төрийн банкийг энэ онд хувьчлах нь улс орны эдийн засгийн нөхцөл байдал, улс төрийн хувьд ч оновчтой үе нь биш гэсэн саналыг гаргасан” гэсэн юм. Улсын Их хурал тогтоолоо гаргахдаа Монгол Улсад арилжааны 17 банк байхад төр заавал арилжааны банктай байх шаардлагагүй гэсэн концепцоор хувьчлах нь зөв гэж шийдвэрлэсэн аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ