ЖДҮ-ийн эрсдэлийг даатгалд хамруулж бууруулна
Улаанбаатар хотноо өнөөдөр /2017.09.20/ эхэлсэн Зөвлөлдөх уулзалтад Монгол, Вьетнам, Индонез, Пакистан, Филиппин, Шри-Ланка, Балбын Вант Улсын санхүү, даатгалын зохицуулагч байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцож байна. ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-ээс хэрэгжүүлж буй 'Азийн орнуудад хүртээмжтэй даатгалын зах зээлийг хөгжүүлэхэд зохицуулалтын байгууллагын оролцоо' хөтөлбөр /Хөтөлбөр/-т хамрагддаг дээрх улсуудын төлөөлөгчид Зөвлөлдөх уулзалтаар тус тусын даатгалын зохицуулалт, бодлого, сайн жишээ, бодит туршлагаа солилцон, харилцан суралцаж буй юм.
Нэмүү өртөг шингэсэн зохистой даатгалын бүтээгдэхүүнээр жижиг, дунд бизнесийн эрсдлийг даатгах асуудлыг хөндөн ярилцан эхний хэлэлцүүлгийг Хөтөлбөрийн ахлах зөвлөх, ноён Данте Портула чиглүүлж, Пакистан, Вьетнам, Шри-Ланка, Филиппиний даатгалын болон хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллага, иргэний нийгмийн төлөөлөгчид үндсэн асуудлуудыг өрнүүлсэн юм. Эрсдлээ даатгах нь жижиг, дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнд нэмүү өртөг болон шингэж, эргээд бизнес эрхлэгчдэдээ өгөөжөө өгдөг байх боломж, энэ талаар өндөр хөгжилтэй орнуудын хуримтлуулсан туршлага, жишээг хэлэлцсэн уг зөвлөгөөний үндсэн сэдвийн цөмд хөдөө аж ахуйд суурилсан жижиг, дунд бизнесийн даатгалд хамруулах асуудал онцгой байх эзэлсэн юм.
Хөдөө аж ахуйн салбаруудад жижиг, дунд бизнес эрхлэгчдиийн эрсдэлийг бууруулах талаар Зөвлөлдөх уулзалтаар тусгайлан хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хөтөлбөрийн ахлах зөвлөх, хатагтай Шайне Рөүз Булосын удирдсан энэ хэлэлцүүлгийг Монгол, Вьетнам, Шри-Ланка болон Балбын Вант Улсын жишээ баримтад тулгуурлан ярилцсан юм. Хөдөө аж ахуйн салбарт жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн аж ахуй, мал аж ахуй эрхэлж буй иргэдэд даатгалын хэрэгцээ шаардлага ямар байгааг үнэлэх, одоо хэрэглэгдэж байгаа сайн дурын, бичил болон нийгмийн даатгалаар тэдэнд өгч чадахгүй байгаа өгөөжийг хэрхэн нөхөх зэрэг сэдвүүдийг тус хэлэлцүүлгээр хөндөж, олон улсын туршлага, хандлагын талаарх мэдлэг, мэдээллээ харилцан солилцлоо.
Зөвлөлдөх уулзалтаар хөндсөн бас нэгэн чухал сэдэв бол жижиг, дунд бизнест цаг уурын өөрчлөлт хэрхэн нөлөөлж буй тухай болон сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэх болсон байгалийн гамшигт үзэгдлүүдийн сөрөг нөлөөллийг хэрхэн даатгалын аргаар бууруулах тухай байлаа. Ялангуяа Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт багагүй хор хохирол учруулж буй зуд турхан, ган гачиг, газар тариалангийн үйлдвэрлэлийн хэмжээг бууруулж буй зуны хэт халуун зэрэг цаг уурын нөхцөлүүд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж буй юм. Байгалийн гамшгийн хохирлыг бууруулах, арилгахад даатгалын хэрэгцээ шаардлага ямар байхыг Азийн орнууд хэрхэн үнэлж, үүнд ямар арга хэрэгсэл, тооцоолол хэрэглэж байгаа талаар туршлагаа солилцов.
Зөвлөлдөх уулзалт маргааш (2017.09.21) уул уурхайн салбарын жижиг, дунд үйлдвэрлэлийн эрсдлийг даатгах болон жижиг, дунд бизнест зориулсан даатгалын зохицуулалт, сорилт туршлага зэрэг сэдвүүдийн хэлэлцүүлгээр үргэлжилнэ. Хэлэлцүүлгүүдээс чиглэл, удирдамж гаргаж, Хөтөлбөрт оролцогч улсуудын зохицуулагч байгууллагууд болон бизнес эрхлэгчдэд өгөх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ