“Эдийн засгийн түншлэлийн тухай” хэлэлцээр удахгүй хэрэгжинэ

Манай улс БНСУ-тай “Эдийн засгийн түншлэлийн тухай” хэлэлцээр байгуулах судалгааны ажил төгсгөлийн шатандаа оржээ. 2016 онд БНСУ-ын Ерөнхийлөгчийн албан айлчлалын хүрээнд тохиролцсоны дагуу Монгол Улс, БНСУ-ын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны баг байгуулагдан ажиллаж байгаа юм. Судалгааны ажлын хүрээнд Гадаад Харилцааны Яам, МҮХАҮТ хамтран БНСУ-тай хийгдэж буй худалдаанд үүсдэг тарифын болон тарифын бус хүндрэлүүд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар бизнес эрхлэгчдийн санал бодлыг сонсох, хэлэлцээрийн хүрээнд гаалийн татвараас хөнгөлүүлэх хүсэлтэй барааны санал авах зорилгоор бизнес эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улс, БНСУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлага, хэтийн боломж болон хоёр улсын хоорондын худалдааны өнөөгийн байдлын талаар онцлов. Засгийн газрын төлөөлөл болон судлаачид оролцсон судалгааны баг 2016 оноос эхлэн жил гаруйн хугацаанд гурван үе шатны хэлэлцээг БНСУ-ын талтай хийсэн бөгөөд хамтарсан багийн дараагийн уулзалт энэ сарын 21-ндСөүл хотноо болох юм.

Монгол Улс дэлхийн худалдааны байгууллагын гишүүнээр 1997 онд элссэн хэдий ч тус байгууллагад харьяалагддаг 160 гаруй гишүүн орноос аливаа нэгэн бүс нутгийн болон хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдээгүй цорын ганц орон байсан юм. Япон улстай байгуулсан “Эдийн засгийн түншлэлийн тухай” хэлэлцээр нь Монгол Улсын байгуулсан анхны чөлөөт худалдааны хэлэлцээр байлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ