Дотоодын тавилгын борлуулалт буурчээ

Дотоодын тавилгын үйлдвэрлэл болон борлуулалт буурсаар байна. Үүнд хэрэглэгчдийн худалдан авах чадвар мөн ижил төрлийн импортын бүтээгдэхүүний зах зээлийн үнэ ханш зэрэг хүчин зүйл нөлөөлж байгаа талаар "Натур-Өргөө" компани мэдээллээ.

Голчлон захиалгаар тавилга үйлдвэрлэдэг тус компанийн хувьд оны эхний найман сард борлуулалт нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 60 хувиар буурчээ. Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд 600 орчим сая төгрөгийн борлуулалт хийсэн "Натур-Өргөө" компанийн тавилгын үйлдвэрийн 70-80 хувь нь сул зогсолттой байсан юм.

Нэгдсэн статистик үзүүлэлт харвал, оны эхний долоон сард тавилгын үйлдвэрлэл болон бусад жижиг боловсруулах үйлдвэрлэлийн хэмжээ 3.7 тэрбум төгрөг болсон нь жилийн өмнөхөөс 4.2 хувиар буурчээ. Тус салбарын борлуулалт ч мөн 4.6 хувиар буурсан талаар ҮСХ мэдээлсэн.

Өнгөрсөн оны тавдугаар сараас тавилгын импортын татварыг дөрөв дахин нэмсэн. Ингэснээр 5500 метр куб хавтангийн импортыг хязгаарлаж, энэ хэрээр дотоодын хавтангийн үйлдвэр өргөжих боломжтой болно гэж тооцож байсан юм. Гэхдээ энэ нь дотоодын тавилга үйлдвэрлэгч компаниудад дэмжлэг болж байгаа гэдгийг "Kitchen All" компани мэдээллээ. Тус компанийн хувьд борлуулалт нь сайн байгаа, оны эхний найман сарын байдлаар борлуулалт нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 30 хувиар өссөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ