"Invest Mongolia"-д оролцогчид юуг онцолж байна вэ?

"Invest Mongolia" чуулган хөрөнгө оруулалттай холбогдсон олон талт сэдвээр үргэлжилж байна. Энэ оны хувьд гадаад болон дотоодын 90 гаруй байгууллагын 1100 хурлын төлөөлөгч оролцож байгаа бөгөөд өмнөх онтой харьцуулахад цар хүрээ, сэдвийн хувьд өргөн хүрээнд зохиогдож байгаа юм. Түүнчлэн сүүлийн хоёр жилд манай улсад ээлжит сонгуулиуд болж шинэ Засгийн газар, шинэ Ерөнхийлөгчтэй болсноос гадна ОУВС-ийн хөтөлбөр, улс төрийн тогтворгүй байдал зэрэг нь хөрөнгө оруулагчдын чуулган хойшлогдоход тодорхой нөлөө үзүүлсэн.

Чуулганд оролцогчдын байр сууриас харахад, Монголд хөрөнгө оруулахад улс төрийн тогтвортой байдал, тодорхой, тууштай бодлого, зөв шийдвэр чухал ач холбогдолтойг онцолж буй. Статистик мэдээллээс харахад энэ оны хоёрдугаар улирлын байдлаар Монголыг чиглэсэн Канадын хөрөнгө оруулалт жилийн дүнгээрээ 170 сая ам.доллараар өсөж 272 саяд хүрсэн байна.

Энэ нь манай улс сүүлийн нэг жилд АНУ-тай Ил тод байдлын хэлэлцээр, Канадтай хөрөнгө оруулалтын хэлэлцээр байгуулсантай холбоотой. Тодруулбал, Хойд Америкийн хөрөнгө оруулалт Монголд орох таатай нөхцөл бүрдсэн. Мөн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулагдаж, эрх зүйн шинэчлэл хийж байгаа тухай Хууль зүйн яам мэдэгдсэн юм.

Хоёрдугаар улирлын байдлаар Монгол дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт 355 сая ам.долларт хүрсэн. Үүнд хөрөнгө оруулалтын орох урсгалын дүн 109 сая ам.доллараар өссөн болон гарах урсгал 185 саяар буурсан нь голлон нөлөөлжээ. Ялангуяа уул уурхайн хөрөнгө оруулалт 179 сая ам.доллар санхүү, даатгалын салбарынх зургаан сая ам.доллараар нэмэгдсэн байна. Үүнээс харахад уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрүүд хөгжих боломжтой гэдгийг чуулганд оролцогчид онцолж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ