Б.Баярсайхан: Концессын гэрээнд улсаас мөнгө авчихсан зүйл байхгүй
Засгийн газар концессын долоон гэрээг ямар учраас хийх болсон талаар Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайханаас тодрууллаа.
Тэрээр “Засгийн газрыг огцруулах гээд байгаа шалтгааны нэг нь Төсвийн тухай хуулийг зөрчсөн гэж зарим гишүүд үзэж байгаа. Гэвч хууль зөрчсөн зүйл байхгүй. Оны эхэнд нийгэм эдийн засгийн өндөр ач холбогдолтой, 2020 гэхэд эргэн төлөлтийг хийх нөхцөлөөр хэд хэдэн төслийг явуулахаар болсон. Ингээд дөрөвдүгээр сарын 14-нөөс Концессын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүнээс хойш нэмж гэрээ хийгдээгүй.
Одоо яригдаад байгаа хоёр концессоос бусад нь өмнөх засгийн гаргасан тогтоол шийдвэр юм. Өмнө нь хийсэн концессын гэрээнээс таван замын гэрээг шинэчилсэн. Нэмж хоёр гэрээг зайлшгүй хийх шаардлагатай байсан. Тодруулбал, Хан-Уул дүүрэгт баригдах 300 ортой төрөх эмнэлэг, нөгөө нь Дорноговь аймгийн Сайншанд болон Дэлгэрэх сумыг холбосон хатуу хучилттай зам юм.
“Засаг Чандмана майнз” компани Дэлгэрэх суманд геологийн ажил эхлүүлсэн. Мөн төмрийн хүдэр, хуурай баяжуулах үйлдвэр, зэсийн баяжуулах үйлдвэр барьсан. “Засаг Чандмана майнз” компани нийтдээ 80 гаруй сая ам.долларын хөрөнгөөр бүтээн байгуулалт хийгээд байгаа. Тиймээс энэ том ажлыг нь дэмжихийн тулд замтай болгох шийдвэр гарсан.
Одоо яригдаад байгаа төслүүд дээр дандаа барих, шилжүүлэх заалт тусгаж өгсөн. Эхлээд хувийн хэвшил хөрөнгөө гаргаад барина. Дараа нь мөнгөө авах юм. Яг одоогийн байдлаар улсаас мөнгө төгрөг авчихсан зүйл байхгүй. Ихэнх нь 2020 оноос төлбөрөө авахаар гэрээ хийсэн” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ