Эдийн засгийн коридороор Монгол урагшилна

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд Эдийн засгийн коридор байгуулах тухай санамж бичгийг байгуулсан билээ. Угтаа Монгол улс бол бүс нутгийн хамтын ажиллагаанд үндсэндээ хамрагдаагүй орон.

Гэтэл гурван улсын ерөнхийлөгч нарын баталсан хөтөлбөрийн хүрээнд Монгол улс бүс нутгийн хамтын ажиллгаанд хамрагдсан анхны томоохон хөтөлбөр болж буй юм. Үүнийг дагаад гурван улсын хамтын ажиллгаа урьд өмнө байгаагүйгээр эрчимжиж хөгжих үндэс тавигдана. Мөн гурван орны гаалийн үзлэгийн шалгалтыг нөгөө талууд хүлээн зөвшөөрөх талаар гэрээ хэлэлцээр байгуулж байгаа нь худалдааг хөнгөвчлөх, гурван улс нэгдсэн стандарт руу шилжих эхлэлийг тавьж байгаагаараа маш ач холбогдолтой асуудал болсон юм.

Бидний хувьд хоёр том гүрний хооронд дэд бүтцийн бодлогод нийцэж, газар зүйн байршлын давуу талаа бий болгож, үүнээсээ эдийн засгийн үр ашиг хүртэхийг зорьж буй. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хэд хэдэн чиглэлээр томоохон ашиг гарна гэж үзсэн. Тухайлбал, Ази Европыг холбосон зам коридор бий болсноор дор хаяж Хятадаас Европ руу явж буй бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн хугацаа хоёр дахин багасна. Энэ утгаараа Ази, Европыг холбосон чухал гүүр болох юм.

Мөн энэ замыг дагаад ложистикийн томоохон төвүүд үүснэ. Мөн үүнийг дагаад эдийн засгийн чөлөөт бүсүүд бий болохоор төлөвлөгдсөн байгаа юм. Энэ чиглэлээр гурван орны хэмжээнд үйлдвэрлэл хангамжийн нэгдсэн сүлжээ үүснэ. Өөрөөр хэлбэл Монгол улсын өнөөг хүртэл хийж байсан худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд хоёр талын үндсэн дээр бүс нутгийн сүлжээнд хамрагдах бололцоотой болох юм. Монгол улс үндсэндээ бүс нутгийн дэд бүтцэд холбогдож чадаагүй байсан орон. Харин эдийн засгийн чөлөөт коридор үүссэн үндсэн дээрээс манай орны дэд бүтэц бүс нутагтай холбогдох юм. Хоёр хөрш орны зүгээс манай орны эдийн засагт хөрөнгө оруулах замаар томоохон дэд бүтэж баригдах бололцоотой болно. Жишээлбэл, Хятад Орос орны худалдаа ойролцоогоор 60 орчим тэрбум доллар байгаа. Тэгэхээр төмөр замаар одоогийн байдлаар 18 сая тонн ачаа тээвэрлэдэг байгаа бол бид түүнийг 100 болгоход Монголд орж ирэх ашиг нь нэмэгдэх юм.

Дээрээс нь үүнийгээ дагаад Монголын төмөр замд орж ирэх тээврийн хөлс нэмэгдэж, дагаад олон улсын стандартад нэгдэж ирэх юм. Мөн бид хил, гаалийнхаа үйл ажиллагааг сайжруулах зэрэг олон давуу талтай.

Өмнө нь Монгол улсын хэмжээнд хөрш хоёр оронтойгоо эдийн засгийнхаа хөгжлийн стратегийг уялдуулах асуудал үргэлжилж байсан. Одоо бол бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагааг хөгжүүлэх үндсэн нөхцөл нь стратегийнхээ төлөвлөлтийг бүгд нийлж хийгээд, түүн дээрээс томоохон төслүүдээ авч гаргаж хэрэгжүүлэх асуудал байгаа юм.

Үүнтэй уялдуулж яригдах нэг зүйл бол Шанхайн хамтын ажиллагааны байгууллага юм. Хуучин цагт тус байгууллага нь Хятад, Орос ерөнхийдөө давамгайлсан бүс нутгийн байгууллага байсан. Бидний хувьд аюулгүйн байдал дээр анхаарлаа төвлөрүүлнэ гээд ажиглагчийн байр суурьтай байсан. Одоо бол 2003 оноос эдийн засаг худалдааны асуудал руу голдуу анхаарч эхлээд, энтеграцлалынхаа асуудал руу оръё гэдэг шат дамжиж явж байна. Тэгэхээр бидний хувьд шинэ нөхцөл үүсч байгаа юм. Дээрээс нь Энэтхэг, Пакистан хоёр ороод ирэхээр, ШХАБ дотор Хятад нилээд давамгай байр суурьтай байсан бол түүнийх нь хүчний тэнцвэрийг хангаад, хамтын ажиллагааны хүрээг нилээд хэмжээгээр тэлж өгөх учраас манайд хамтарч ажмиллах бололцоо нэмэгдэж байгаа юм. Энэ утгаараа Монгол улс цаашдаа ШХАБ-д гишүүнээр заавал элсэх шаардлага гарч байгаа юм. Өөрөөр хэлбэл дэлхийн эдийн засгийн хөгжлийн төв нь Евро, Азийн бүс нутаг руу төвлөрч эхэлж байна.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ