"Энержи Ресурс" ХХК 311 сая ам.долларын ашигтай ажиллажээ
"Энержи Ресурс" компани энэ оны нэгдүгээр хагаст 311 сая ам.долларын ашигтай ажиллаж, өндөр өсөлт үзүүлсэн талаар албан ёсоор мэдээллээ.
Үүнээс үйл ажиллагааны цэвэр ашиг нь 110 сая ам.доллар байжээ. Дурдсан хугацаанд "Энержи Ресурс"-ын нүүрс олборлолт 4.2 сая тонн, нүүрс баяжуулалтын хэмжээ 3.9 сая тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 359 хувь ба 284 хувиар тус тус өссөн байна.
Мөн энэ хугацаанд 2 сая тонн баяжуулсан коксжих нүүрсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 290 хувиар өсчээ.
2017 оны эхний 6 сард Энержи Ресурс нийт 2.3 сая тонн бүтээгдэхүүн экспортлосон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 290 гаруй хувиар өссөн нь маш өндөр үзүүлэлт юм. Энэ он гарсаар коксжих нүүрсний зах зээлийн сэргэлтийг Энержи Ресурс хурдтай ашиглаж, экспортын хэмжээгээ өсгөж, үйл ажиллагаагаа идэвхжүүлсэн. Мөн одоогоор нүүрсийг дотооддоо баяжуулж, нэмүү өртөг шингээн экспортлож буй ганц компани гэдэг утгаараа нүүрсний борлуулалтын үнийг хамгийн өндөр тогтоодог.
Дэлхийн зах зээлд 2012 оноос хойш нилээд хэдэн жилийн турш нүүрсний үнэ унаж, Монголын нүүрс экспортлогч компаниуд багагүй хүндрэлтэй тулсан. Харин 2016 оны сүүлч, 2017 оны эхээр нүүрсний зах зээлд үнэ сэргэж, компаниудын хувьд алдагдлаас гарах, үйл ажиллагаагаа сэргээх боломж нээгдсэн байна.
Коксжих нүүрсний экспорт Монгол Улсын эдийн засагт том үүрэг гүйцэтгэдэг. Энэ оны эхний хагаст манай улс нүүрсний экспортоос 1.2 тэрбум ам.долларын орлого олсон нь улсын нийт экспортын орлогын 40 орчим хувийг бүрдүүлсэн аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ