Монголбанк: Төгрөгийн ханш сулрах нөхцөл үүсээгүй
Монголбанкнаас сар бүр зарладаг хэвлэлийн бага хурлын асуулт, хариултаас хүргэе.
-Монголбанкны алт худалдан авах өнөөдрийн ханш хэд байгаа вэ?
Судалгаа, статистикийн газрын ахлах эдийн засагч А.Ананд: Өнөөдрийн байдлаар манай алтны ханшийг вэб хуудаснаас авч болно. Хамгийн сүүлийн мэдээгээр Монголбанк нэг грамм алтыг 97520 төгрөгөөр үнэлж авч байна.
-Алт тушаалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Алт” аяныг эхлүүлэх гэж байгаа юм байна. Энэ аянаас ямар үр дүн хүлээж байгаа вэ?
Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч Д.Оргил: Алтыг Лондоны металлын биржийн үнэ ханшаар авдаг байх журам батлагдаад, хэрэгжиж байгаа. “Алт” хөтөлбөрийн хүрээнд бид алт тушаалтыг нэмэгдүүлэх, идэвхжүүлэхийг зорьж байна. “Алт” аяныг хэрэгжүүлж, Монголын алтыг зөвхөн Монголбанкиндаа тушааснаар иргэд, аж ахуйн нэгжүүд Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах, улмаар үндэсний мөнгөн тэмдэгт, төгрөгийн тогтвортой байдлыг хангахад хувь нэмрээ оруулах боломжтой. Иймд Монголбанкнаас аж ахуйн нэгжүүд, иргэдэд хандан олборлосон алтаа Монголбанкиндаа тушаахыг уриалж байгаа юм. Монголбанкны хувьд алтыг дэлхийн зах зээлийн үнээр авч байгаа гэдгийг дахин онцолъё. Мөн тушаасан алтны төлбөрийг өдөрт нь шилжүүлдэг гэх зэрэг давуу талтай учраас иргэд, аж ахуйн нэгжүүд олборлосон алтаа Монглобанкинд тушаах нь ямар нэгэн эрсдэлгүй юм.
-Ипотекийн зээл олголт дээр чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн хувь хэд байгаа вэ. Өмнөх сартай харьцуулахад хэр өөрчлөлттэй байгаа вэ?
ССГ-ын ахлах эдийн засагч А.Ананд: Ипотекийн зээл дээр чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн үзүүлэлт аль аль нь 1.8 хувьтай байна. Өнгөрсөн сард энэ үзүүлэлт 1.6 орчим хувьтай байсан. Шинээр олгосон зээлийн хувьд өмнөх сартай харьцуулахад нэмэгдсэн байгаа.
-Валютын хадгаламжийн дүн буурч байгаа шалтгааныг хэрхэн харж байгаа вэ?
-Төгрөгийн ханш чангарч, валютын ханш суларч байгаатай холбоотойгоор иргэд, байгууллагууд валютын хадгаламжаа төгрөг рүү шилжүүлэх үйл явц өрнөж байгаатай холбоотой. Мөн үүний нөгөө талд валютын хадгаламжийн төгрөгөөр илэрхийлэгдэж байгаа дүн нь багасч байгаа. Үүнтэй холбоотойгоор валютын хадгаламж буурч байна.
-Ам.долларын ханш эргээд чангарч эхэллээ. Алгуур буурч байсан ханш яагаад эргээд өсөв?
Мөнгөний бодлогын хэлтсийн захирал Н.Ургамалсувд: -Та бүхний мэдэж байгаачлан сонгуулийн өмнөх үеэс эхлээд ам.долларын ханш чангарч, төгрөгийн ханш суларч эхэлсэн. Энэ нь зах зээл дээр богино хугацаанд үүссэн тодорхой бус байдал болон хүлээлттэй холбоотой. Ялангуяа сонгуулийн дараагаас эхлэн ам.долларын ханш чангарах нь гэх хүлээлт үүссэн. Гэтэл бодит байдалд манай валютын орох урсгал маань гарах урсгалаасаа их байгаа. Тэгэхээр макро суурь хүчин зүйлтэйгээ харьцуулж үзвэл төгрөгийн ханш сулрах нөхцөл үүсээгүй байна гэж харж байна. Тийм учраас энэ байдал алгуур засагдах байх. Нөгөөтэйгүүр төлбөрийн тэнцлийн статистикийг харвал нийт төлбөрийн тэнцлийн алдагдал буурсан. Мөн хөрөнгө, санхүүгийн данс ашигтай гарсан. Төлбөрийн тэнцэл дээр гарч байгаа эерэг үзүүлэлт цаашид хадгалагдана гэж харж байна.
-Валютын цэвэр нөөцийн хэмжээ хэд байгаа вэ?
-Манай албан ёсны мэдээгээр -487 сая ам.доллар байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ