Монголын банкуудад активын чанарын үнэлгээ хийх компани шалгарчээ

Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд хэрэгжүүлж буй ОУВС-гийн “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-т Монголын арилжааны банкуудад Активын чанарын үнэлгээг /AQR/ хийхээр тусгагдсан билээ.

Монголбанкнаас өнөөдөр Активын чанарын үнэлгээ хийх компанийг ОУВС-аас тавьсан шаардлага болон Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид нийцүүлэн сонгон шалгаруулсан тухайгаа мэдээллээ.

Тендерт оролцсон компаниудаас энэ чиглэлийн дэлхийн ТОП4 компанийн нэг болох PWC аудитын компанийн Чех улс дахь салбар шалгарсан байна.

Тус компани нь олон улсын болон дотоодын мэргэжилтнүүд, туслан гүйцэтгэгчээс бүрдсэн, Актив болон барьцаа хөрөнгийн үнэлгээний чиглэлээр мэргэшсэн багийг бүрдүүлсний дээр үнэлгээний үе шат бүрийг Монголбанк, ОУВС-д тайлагнах үүрэг хүлээсэн аж.

Аудитын компанийн сонгон шалгаруулснаар Монголын банкны салбарт Активын чанарын үнэлгээ хийх ажил эхэлсэн гэж Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Н.Батсайхан өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.

Активын чанарын үнэлгээг хийх нь санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг бодитоор тогтоох зорилготой. Үнэлгээний үр дүнд үндэслэн банкны салбарыг эрүүлжүүлэх хариу арга хэмжээ буюу бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг өргөн хүрээнд авч хэрэгжүүлснээр бодит секторт хүрэх зээл, санхүүжилтийн урсгалыг тогтворжуулж, харилцагчид, хөрөнгө оруулагчдын банкны салбарт итгэх итгэлийг нэмэгдүүлэх, улмаар эдийн засгийн өсөлтийг тэтгэж, гадаад өрийн дарамт буурах боломж бүрдэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ