Банкууд 811 тэрбум төгрөгийн зээл олгожээ
Монголбанкны мэдээлснээр банкуудын нийт зээлийн эцсийн үлдэгдэл 12.9 их наяд гаруй төгрөг хүрчээ. Үүнээс төгрөгийн зээл 10.2 их наяд төгрөгийг нь эзэлж байна. Түүнчлэн долдугаар сарын зээлийн тайланд дурдсанаар, төгрөгийн зээл 811.1 тэрбумыг олгожээ.
Мөн энэ хугацаанд 904.7 тэрбум төгрөгийн зээл төлөгдсөн байна. Банкнууд дахь зээлийн үлдэгдлийг салбараар нь ангилж харвал, уул уурхай олборлолтын салбарт долдугаар сард 61.1 тэрбум төгрөгийн зээл олгосноор эцсийн үлдэгдэл нь 913.2 тэрбум төгрөг хүрчээ. Харин хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ тайлант хугацаанд 887.1 тэрбум төгрөг болсон байна. Үүнээс хэвийн бус зээл 129.1 тэрбум байгаа бол эргэлзээтэй зээл 435.1 тэрбум харин муу зээл 580 гаруй тэрбум төгрөг байгааг Төвбанк мэдээллээ.
Мөн тайлант сард олгосон төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү жилийн 19.7 хувь байгаа бол гадаад валютынх 11.7 хувь байна. Эргэн сануулахад, өмнөх зургадугаар сарын байдлаар нийт зээлийн 6.2 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 8.8 хувийг чанаргүй зээл бүрдүүлж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ