Боловсруулах салбарын экспортыг бодлогоор дэмжье!

Эдийн засгийн өсөлт 5.3 хувь гарсан нь сайн мэдээ. Гэхдээ үүний цаад учир шалтгааныг харах хэрэгтэй. Нарийн харвал нүүрсний экспорт нөлөөлсөн гэж шинжээчид үзэж буй. Мөн үүнд нөлөөлсөн гол зүйл бол нэгдүгээртэкспортын өсөлт, хоёрдугаарт Олон улсын вальютын сангийн хөтөлбөрт хамрагдсан явдал юм.

Олон улсын вальютын санд хамрагдах маань өөрөө эргээд хөрөнгө оруулагчдыг итгэл найдварыг төрүүлэх, эдийн засгийн асуудлыг өөдрөгөөр харахад нөлөөлж байна. Манайх шиг эдийн засагтай орны хувьд савалгааг барих хэрэгтэй. Төсвийн бодлого үүнд чиглэж, савалгааны нөлөөллийг багасгах нь чухал.

Манай орны хувьд харьцангуй жижиг зах зээлтэй. Ийм орны хувьд ирээдүй нь гадагшаа экспортлоход чиглэх ёстой. Гадагшаа экспортлохдоо түүхий эдийн экспорт биш, боловсруулах салбарын экспортод түлхүү анхаарснаар хөгжих боломжтой юм.

Үүнээс арьс, ширний салбарыг авч үзье.

Арьс ширний үйлдвэрлэлийн салбарт том, жижиг нийлсэн арьс шир боловсруулах 35 үйлдвэр, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 178 үйлдвэр /гадаадын хөрөнгө оруулалттай 2 компани (Мон-Ит булигаар ХК, Хан пивон ХХК)/ тус тус ажиллаж байна.

Манай улсад жилд бод, бог малын нийт 10.3 сая ширхэг арьс бэлтгэгддэгээс 25.8 хувийг нь үндэсний үйлдвэрлэгч нар боловсруулж, үлдсэн 74,2 хувь нь түүхий болон анхан шатны боловсруулалт хийгдэн БНХАУ руу экспортлож байна. Боловсруулсан арьсны 40 хувийг нь Итали, Испани, Турк, БНСУ зэрэг 10 гаруй улс оронд экспортолж, 60 хувийг дотоодын хэрэгцээний цэрэг цагдаа, онцгой байдлын албадын савхин дүрэмт хувцас, гутал, бээлий, цүнх, жижиг эдлэл, бэлэг дурсгалын бүтээгдэхүүний зориулалтаар гүн боловсруулалт хийдэг.

Үндэсний үйлдвэрлэгчид түүхий эд бэлтгэлийн үеэр эргэлтийн хөрөнгийн дутагдалд орсноор түүхий эдээ хангалттай нөөцөлж чаддаггүй бөгөөд улмаар үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаа ашиглаж чадахгүй 5-6 сар сул зогсдог байна.

Арьс ширэн түүхий эдийн нөөц 150 тэрбум төгрөг байна. Үүний 25 хувь буюу 38 тэрбум төгрөгийн түүхий эдийг үндэсний үйлдвэрүүд авч эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 75 хувь буюу 112 тэрбум төгрөгийн түүхий эдийг дотоод, гадаадын худалдаачид худалдан авч түүхий болон анхан шатны боловсруулалт хийсэн байдлаар экспортод гаргаж байгаа нь 800-900 тэрбум төгрөгийн эцсийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх боломжийг алдаж байна.

Энэхүү байдлыг өөрчилж, арьс ширийг дотооддоо гүйцэт боловсруулж, импортыг орлох, экспортын чиглэлийн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулж ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох хэрэгтэй юм.

Арьс ширний үйлдвэрлэлийн салбар өнөөгийн ханшаар 150 тэрбум төгрөгийн үнэ бүхий арьс ширийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр нийт 1,01 их наяд төгрөгийн борлуулалт хийж, 450 сая ам.долларын бүтээгдэхүүнийг ОХУ, Европын холбооны улсуудад экспортолж байна.

Үүнээс харвал арьс ширэн түүхий эдийг стандартын дагуу боловсруулж, хорио цээрийн шаардлагыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадаадын зах зээлд Монгол улсаас гарч байгаа экспортын барааны өрсөлдөх чадвар, нэр хүндийг өргөх хүрээнд боловсруулах салбарын экспортыг бодлогоор дэмжих нь зөв юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ