АПУ ХК, “MCS” групптэй архи, шар айргийн бизнесээ нэгтгэнэ

АПУ ХК-ийн наймдугаар сарын 18-нд болсон хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар тус компани “Heineken” болон “MCS” групптэй архи, шар айргийн бизнесээ нэгтгэж, сүүний бизнесээ охин компани болгон тусад нь гаргах асуудлыг хэлэлцэж баталлаа.

Тодруулбал, "Heineken International” болон “MSC Group”-ийн хамтарсан хөрөнгө оруулалттай “М Би Си” компанийг “Эвэргрийн Инвэстмэнтс” компанитай нийлүүлж, “Эвэргрийн Инвэстмэнтс” ХХК-ийг АПУ-тай нэгтгэхээр болж байгаа аж.

Дашрамд дурьдахад “М Би Си” компанийн бүрэлдэхүүнд “М-Си-Эс Азиа Пасифик Брюэри” ХХК болон “Спирт бал бурам трейд” компани багтдаг байна. Нэгдлийн дүнд “Heineken” компани АПУ-ийн хувьцааны 25 хувийг, “Монголиан Бэвэрижис Инвестментс” ХХК нь 5.19 хувийг эзэмшихээр болж байгаа юм.

Хувьцааны тухайд тус компани 742.87 сая ширхэг хувьцаатай байсан бол нэгдсэний дараа 1.06 тэрбум ширхэг болох юм. Уг үйл явдалтай холбогдуулан тус компанийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг компанийн нэгтгэх үйл ажиллагаа ирэх 11 сард багтаан эцэслэх тухай болон олон улсын хөрөнгийн биржид IPO гаргахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.

Энэхүү нэгдлийн дүнд дээрх компани “Heineken” компанийн сүлжээнд тулгуурлан олон улсын зах зээлд өрсөлдөж, бүтээгдэхүүний экспортоо нэмэгдүүлэх боломжтой болж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ