Коксжих нүүрсний ханш тогтвортой байна

Өнгөрсөн сард Монголоос экспортод гаргасан баяжуулсан коксжих нүүрсний дундаж ханш тонн тутамдаа 139.51 ам.доллар байсан бол боловсруулаагүй коксжих нүүрсний дундаж ханш 107.38 ам.доллар хүрчээ.

Мөн 5500 ккал-с илүү илчлэгтэй боловсруулаагүй нүүрсний дундаж ханш 102.33 ам.доллар болсон талаар Сангийн яам мэдээлсэн юм. БНХАУ-д коксжих нүүрсний гол үйлдвэрлэгч муж болох Шандон, Хэбэй мужуудад үнэ нь зургадугаар сарын сүүл үеэс хойш зургаан удаа нэмсэн.

Хамгийн сүүлд хоёрдугаар зэрэглэлийн металлургийн коксжих нүүрсний ханш тонн тутамдаа 1950 юань хүрч байсан юм. Байгаль орчноо хамгаалах БНХАУ-ын Засгийн газрын бодлогоос гадна Шандон зэрэг гол мужид коксжих нүүрсний компаниуд олборлолтоо танаж байгаа нь ийнхүү үнэ ханш өсөхөд эергээр нөлөөлж байна. Үүнээс харахад ойрын нэг жилийн хугацаанд үнэ ханш тогтвортой байх төлөвтэй байгааг шинжээчид онцоллоо.

Дашрамд дурдахад, Монголоос экспортод гарч байгаа нүүрсний дийлэнхийг Гашуунсухайт-Ганц модны боомтоор тээвэрлэж байгаа юм. Зургадугаар сард тус боомтоор өдөрт 1600 машин нүүрс тээвэрлэн нэвтэрч байсан бол өнөөдөр 400 орчим машин нэвтэрч байна. Энэ нь БНХАУ-ын талын шалгалт нэмэгдсэнтэй холбоотой гэж Өмнөговь аймгийн Засаг дарга мэдээлсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ