“Alibaba”-ийн цэвэр ашиг 2.1 тэрбум ам.долларт хүрчээ

БНХАУ-ын онлайн худалдааны хамгийн том компани “Alibaba”-ийн хувьцааны ханш пүрэв гарагийн хаалтаар 2.77 хувиар өслөө. Энэ нь тус компанийн ашгийн үзүүлэлт шинжээчдийн таамгийг давсантай холбоотой юм.

“Alibaba”-ийн цэвэр ашиг зургадугаар сард дуусгавар болсон улиралд жилийн дүнгээр 96 хувиар нэмэгдэж, 2.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Мөн жижиглэн худалдааны платформын нийт хэрэглэгчдийн тоо 466 саяд хүрчээ. Өөрөөр хэлбэл, урд хөршийн нийт иргэдийн гуравны нэг нь “Alibaba”-ийн хэрэглэгч юм.

Үүнээс гадна тус компани хүнсний жижиглэн худалдааны салбарт "Amazon" компанийг даван гарчээ. Тус компанийн хүнсний сүлжээ болох "Hema" нь өнгөрсөн сард салбарынхаа тоог гурваар нэмэгдүүлж, нийт 13 салбартай болсон. "Hema" хүнсний сүлжээний "Amazon"-оос ялгарах онцлог нь онлайн болон уламжлалт худалдан авалтыг хослуулсан нь юм.

Онлайнаар худалдан авалт хийж буй хэрэглэгчид "Hema" аппликейшнийг ашиглан худалдан авалт хийх ба төлбөрөө "Alipay"-ээр шууд төлөх боломжтой. Мөн тус сүлжээ далайн шинэхэн хүнсийг санал болгож байгаагаараа хэрэглэгчдийн таашаалд нийцэж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ