Вьетнам руу ямааны мах экспортолно

Монгол, Вьетнамын худалдааны эргэлтийг 2020 онд 70 сая ам.долларт хүргэх зорилттой байгааг хоёр улсын Засгийн газар хоорондын комиссийн 16 дугаар хуралдааны үеэр онцолсон юм.

Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн харин Вьетнамаас хүнсний болон далайн бүтээгдэхүүн харилцан нийлүүлэхээр хэлэлцжээ. 2016 оны байдлаар хоёр талын худалдааны нийт бараа эргэлт 43 сая ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 2.9 сая ам.доллар харин импорт 40.1 сая ам.долларын дүнтэй байгаа юм. Түүнчлэн Хүнсний эрүүл ахуйн гэрчилгээг тохиролцсоноор хүнсний бараа, бүтээгдэхүүн харилцан нийлүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдэж байна. Тухайлбал, Монголоос Вьетнам руу ямааны гүн хөлдөөсөн мах, дулааны аргаар боловсруулсан мах болон арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн экспортлох боломжтой гэж үзсэн юм.

Хамгийн сүүлийн үеийн тоон мэдээллээр, манай улс Вьетнам руу 80 тонн ямааны мах экспортолжээ. Үүнээс гадна хоёр улсын Хөдөө аж ахуйн дэд сайд нар оролцсон ажлын хэсэг байгуулж, нэг жилийн турш хамтран ажиллахаар боллоо. Нийт 93 сая хүн амтай, 150 гаруй оронд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортолдог Вьетнам улсын хувьд, Монголоос импортоор авсан махыг амт, чанарын хувьд маш сайн гэж үнэлдэг гэдгээ мөн онцолсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ