"Талын зам" төслөө түргэлье!
Хамгийн өргөн уудам газар нутагтай, асар олон хүн амтай Евразийг тээврийн сүлжээгээр холбох санаачилгыг НҮБ анх гаргаж, дэд бүтцийн санаачилгад 28 орон нэгдэхэд Монгол Улс анхнаас нь оролцож гарын үсэг зурж байлаа. Уг нь НҮБ-ын энэхүү санаачилгыг хамгийн түрүүнд дэмжиж, их хэмжээний ашиг олох боломжтой орнуудын нэг нь Монгол.
Учир нь Монгол улсын хувьд Европ-Азийг холбох хамгийн товч зам. Өнөөдөр Хятадаас далайгаар Европт хүрэхэд 45 хоног зарцуулж байгаа бол төмөр замаар Манжуураар дамжин 12 хоногт хүрнэ. Харин Монголоор дамжин Европ хүрэхэд ердөө 9 хоногт хүрэх тооцоог хийсэн Хятадууд энэхүү төслийг тун их сонирхож байгаа. ОХУ ч ялгаагүй. Байгалийн хий болон цахилгаан эрчим хүчээ Хятад болон Азийн орнууд руу экспортлох том гарц хайж, дэлхий нийтээрээ Хятадын далайн торгоны замыг хуурай газрын торгоны замтай холбох энэхүү төслийг анхааралтай ажиглаж байна.
Монголчууд биднийг “Талын зам” төслийнхөө талаар өөрсдөө ч тодорхой мэдээлэл ч үгүй шахам сууцгааж байхад урд, хойд хөршүүд маань аль эрт тохироогоо хийж эхэлсэн. ОХУ болон БНХАУ 2018 оноос эхлэн 30 жилийн турш байгалийн хий худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зураад хоёр жилийн нүүр үзэж байна.Уг нь ОХУ-ын тал байгалийн хийн ордуудаас хий авч, тус нутгаар дамжуулан БНХАУ-д хүргэхийн тулд 4000 км хийн хоолой барьж байгуулах шаардлагатай. Харин Монголын нутгаар дамжуулан тээвэрлэхэд ердөө 1500 км хийн хоолой байгуулж, тэр чинээгээр хөрөнгө оруулалтын зардлыг хэмнэх боломжтой гэсэн тооцоог гаргасан.
Нийтдээ 400 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий энэ томоохон гэрээнд Монгол Улс дамжуулагчаар оролцвол ашиг орлогын олон үүд хаалга аяндаа нээгдэнэ. Зөвхөн Монгол улсын нутаг дэвсгэрийг дайран өнгөрч байгаа хийн хоолойн шугамнаас бид асар их орлого олох боломжтой болно. Цаашилбал, нүүрсний хамгийн их нөөцтэй манай улс хар алтнаасаа газ, эрчим хүч үйлдвэрлэн энэ шугамыг ашиглан экспортлох ч боломжтой болох юм. Энэхүү хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах саналыг бүрэн дэмжиж, энэ талаар судалж үзнэ гэдгээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин албан ёсоор мэдэгдсэн. Гэвч өнөөдөр тэд байдлыг харзанаж байна. Хий дамжуулах энэ ажил гэрээ ёсоор 2018 он буюу ердөө л жилийн дараа эхлэх учиртай. Гэвч Монголчуудын улс төрийн тогтворгүй байдал хийрхэл, хэнээрхэл, хэтэрхий бүтээлч бус байдал Хятадуудыг төдийгүй Орос ах нарыг болгоомжлуулжбайгаа бололтой.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ