Монголбанк: Долдугаар сард 28.3 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн санхүүжилтэд гаргав
Монголбанк, Засгийн газар хамтран долдугаар сард 28.3 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн санхүүжилтэд зориулан гаргажээ. Нарийвчлан харвал, нийт 251 зээлдэгчийн 15.98 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдсэн байна. Харин Засгийн газар 157 зээлдэгчийн 9.07 тэрбум төгрөгийн эх үүсвэр олгожээ. Ингэснээр долдугаар сард нийт 408 зээлдэгч ипотекийн зээлд шинээр хамрагдсан талаар Монголбанк мэдээллээ.
Зургадугаар сарынхтай харьцуулахад, Монголбанкны санхүүжилт бага зэрэг нэмэгдсэн боловч Засгийн газрын санхүүжилт буурсан байна. Ипотекийн зээл олголтоос хамаарч барилгын компаниудын захиалга нэмэгдэж буй. Ялангуяа өнгөрсөн 3, 4-р саруудад банкуудын ипотекийн зээлийн санхүүжилт нэмэгдсэн нь тодорхой нөлөө үзүүлсэн гэдгийг "Тэнхлэг зууч" компани өмнө нь мэдээлсэн. Монголбанкны хэрэгжүүлж байгаа ипотекийн зээлийн хөтөлбөрийг ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд улсын төсөвт тусгахаар болсон. Энэ дагуу 2017 онд 111 тэрбум төгрөгийг ипотекийн санхүүжилтэд зарцуулахаар төсөвт оруулсан. Харин 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэлд дурдсанаар ирэх онд 120 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн санхүүжилтэд олгохоор тусгажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ