“Оюутолгой” компани С.Гантуяагийн эсрэг дээд шүүхэд гомдол гаргажээ
“Оюутолгой” компанид төслийн менежер ажилтай байсан С.Гантуяа удирдлагууддаа хандаж монгол ажилчдын хөдөлмөрийн хөлсийг гадаад ажилчдын адил шударгаар үнэлэхийг шаардсаны хариуд ажлаасаа халагдсан.Тэрээр өөрийгөө хууль бусаар ажлаас халагдсан хэмээн “Оюутолгой” компанийг шүүхэд өгч анхан болон нийслэлийн шүүх дээр хоёр ч удаа ялчихаад байгаа. Тэгвэл “Оюутолгой” компани С.Гантуяагийн эсрэг дээд шүүхэд гомдол гаргасан байна. Оюутолгой компанид холбогдох дээд шатны шүүх хурлын тов одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд энэ удаагийн шүүх хурлаар бүх асуудал шийдэгдэх юм.Хөдөлмөрийн яам, Эрдэнэс Оюу Толгой ХХК нь цалин хөлсний шударга шаардлагыг Оюу Толгой болон Рио Тинтогийн удирдлагуудад удаа дараа тавьж байгаа ч тус компани ажилчдын цалингийн мэдээлэл"Компанийн нууц" хэмээн өдий болтол гаргаж өгөөгүй гэх. Уг нь компанийн ажилчдын цалингийн мэдээлэл нууцын зэрэглэлд ордоггүй юм байна. С. Гантуяа "Би шүүхээр үнэн зөвөө шийдүүлж ажилдаа эргэн орж Оюу Толгойн удирдлагад үйлчилдэг ОТ Үйлдвэрчний Эвлэлийг Монгол ажилчдын төлөө ажиллуулдаг болгоно. Мөн өнөөдрийг хүртэл миний ажилгүй байсан хугацааны цалин бодогдож байгаа. Би түүнийг өөрийн төрсөн нутгийнхаа хүүхэд багачуудыг сурч хүмүүжихэд нь зориулж цэцэрлэг барих ажилд 100% хандивлана" гэв.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ