Xамгийн том бөхийн цогцолбор босгож байна

Манай улс түүх соёлоороо дэлхий дахинд гайхагддаг. Нүүдэлчний өвөрмөц зан заншил, ахуй соёл маань дэлхийн 250 гаруй улсаас ганцаараа тодордог. Тиймээс ч бид зан заншилаа дэлхий дахинд гайхуулж, түүх соёлоо мөнхөлж байх нь зүйд нийцнэ. Соёл, зан заншилаа гайхуулж, дэлхий өнцөг булан бүрээс ирсэн жуулчдыг татах, сонирхуулах зүйлтэй байх нь зүй ёсны асуудал. Өнөөдөр бидэнд ийм бүтээн байгуулалтын ажил гэх зүйл цөөн. Тэгвэл монгол бөхийн хамгийн том хөшөөг Хэнтий аймагт сүндэрлэхүүлэхээр болжээ. Үндэсний бөх бол манай улсын нүүдэлчин ахуй, соёлын том өв. Энэ өвөө биетжүүлэхээр Хэнтий аймгийнхан ажиллаж байгаа аж. Гурван метр 10 сантметрийн өндөртэй, суурьтайгаа нийлээд долоон метр орчим өндөр хүрэл цутгамал цогцолборт найман хөшөөнөөс бүрдэх юм байна. Нэг бүр нь 22 сая орчим төгрөгөөр бүтээгдэж байгаа М.Мөррэнцэн, Г.Самдан, А.Цэвэгмид, Н.Чойдорги, Р.Рэнцэн, Д.Цэдэн, Б.Намжилжав, С.Чүлтэм аваргын хөшөөг аймгийн үндэсний бөхийн холбооноос санаачлан бүтээж байгаа аж. Монгол Улсад албан ёсны бүртгэлтэй үндэсний бөхийн 40 аварга төрсөн байдаг. Эдгээрийн ес нь хуучнаар Сэцэн хан аймаг буюу өнөөгийн Хэнтий аймгаас төрөн гарсан.

Аваргуудын мэндэлсэн “Хан Хэнтийн аварга” бөхийн дэвжээнээс санаачлан дээрх ажлыг хийж байна. Бид энэ талаар Ерөнхий сайдын зөвлөх, Хан Хэнтий бөхийн холбооны тэргүүн М.Хүдэрбаатараас цөөн асуултад хариулт авлаа.

-Үндэсний бөхийн энэ бүтээн байгуулалт ашиглалтад орсноор тус бүс нутагт төдийгүй монгол бөхийн хөгжилд ямар хувь нэмэр оруулах вэ?
-Японы сумо бөх өнөөдөр дэлхийд алдартай. Дэлхийн олон орны дотоодын сувгууд, спортын мэдээгээр сумогийн барилдааны талаар мэдээлж байна. Гэтэл энэ спортын дэргэд манай үндэсний бөхөд илүү ур ухаан, бяр чадал, уран мэх шаардагддаг. Тийм байхад бид үүнийгээ сурталчлах, хойч үедээ өвлүүлэх нь чухал. Энэ цогцолбор ашиглалтад орсноор их аваргуудынхаа дурсгалыг хүндэтгэхээс гадна хойч үедээ мөнхөлж байгаагийн зэрэгцээ монгол бөхийн гал голомт болсон Хэнтий нутагт ирсэн жуулчдын үзэж харах онцлог газар болно гэж найдаж байна. Мөн энэхүү хөшөөг барьж байгуулсанаараа монголын үндэсний бөхийн хамгийн том цогцолбор болоод зогсохгүй, газар газрын хүчтэнүүд цугларч, сүсэглэн мөргөж, хүндэтгэл үзүүлэх албан ёсны газартай болж байгаа юм. “Монголын Үндэсний бөхийн холбоо”-ноос албан ёсоор санаачилж, Геннисийн номонд бүртгүүлэх бодолтой байгаа.
-Хэнтий аймагт баригдаж байгаа энэ бүтээн байгуулалтыг зарим хүмүүс Цонжинболдог дахь Чингисийн хөшөө, Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнтэй адил манай томоохон бүтээн байгуулалтын нэг болно гэж ойлгож байгаа. Ийм үүрэг гүйцэтгэж чадах болов уу?
-Мэдээж боломжтой. Энэ жил Хэнтий аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой болж байгаа. Үүнтэй холбогдуулж, 90 бүтээлч ажлыг аймгийн Засаг даргын тамгын газраас санаачилан хийж байна. Тиймээс Хэнтий аймгийн үндэсний бөхийн холбооноос санаачилж, аймгийнхаа түүхт ойтой холбогдуулан энэхүү бүтээн байгуулалтыг хийж байгаа юм. Мэдээж энэ цогцолбор маань ард иргэдийн амарч, зугаалах, зургаа татуулах, гадны зочид, төлөөлөгчдийг авч ирэх томоохон газрын нэг болно гэж найдаж байна.
-Энэ хөшөөт цогцолборыг барихад хэчнээн хүний хүч оролцоо орсон бэ?
-Хан Хэнтийгээ төдийгүй Монгол үндэсний бөхөө гэсэн сэтгэлтэй хүн бүр бидний ажлыг дэмжиж, бие сэтгэлийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа. Маш олон хүн энэ ажилд бие сэтгэлээ зориулан ажиллаж байна. Үндэсний спортыг, тэр дундаа нутгаасаа төрсөн гайхамшигт аваргуудыгаа, бөхөө дээдэлдэг ард түмнээ хүндэлж хийж байгаа ажил болохоор бүтэмж сайтай байна.

Т.ДАРХАН

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин