Албан тушаал аминаас үнэтэй
Монголд хэн жаргалтай вэ гэвэл төрийн албан хаагчид гэж хэлж болно. Төрийн албыг бүр төрөл саднаараа хувьчилж авсан ч гэхэд хилсдэхгүй. Саяхан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонгыг ажлаас халахад гавьяат хуульч маань “Юм нэгээр дуусахгүй. Маргааш нар гарна” гэж насаараа нарсанд суусан хулгайч шиг аашилсан. Тэгээд манайхан гэр бүлээрээ төрд зүтгэж байгаа нь үнэн хэмээн бүүрэлхсэн ч юм шиг үг чулуудсан. Түүний нөхөр Ж.Солонго “Монгол кино” нэгтгэлийн захирал. Түүний эгч Ж.Соронзон Оросын III сургуулийн захирал. Түүний нөхөр Н.Лүндэндорж Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга. Тэд алдаж эндэж, албан тушаалын дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байхад нэг нь гэм бурууг нь засагт цайруулж, нөгөө нь шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгуулж чадаж байсныг атаархсан зарим нь ам дамжуулан ярьдаг. Энэ бол төрийн албаны дунд шатан дахь алтан гагнаас.
Дунд шатныхан ихээр иддэг цөөхөн томчуудыг бодвол нийлээд ямх ямхаар алаг атаагүй мэрдэг. Тогны үнийг нэмэхгүй бол цахилгаан станц зогсоно гэж үргэлж айлгадаг эрчим хүчний салбарт 51 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрийн 17 нь хувьчлагдаагүй, нэг ёсондоо төрийн өмчөөр хүүдэгнэж байдаг. Гэтэл мөнөөх 17 ТӨХК төлөвлөгөөгөө өсгөж батлуулснаас зөвхөн энэ онд улсад учруулсан хохирлын хэмжээ 92,9 тэрбум төгрөгт хүрч байна. Тухайлбал, ДЦС-2 гэхэд 2,2 тэрбум, ДЦС-3 долоон тэрбум, ДЦС-4 бүр 26,6 тэрбумын алдагдалтай ажиллав.
Алдагдлын үүдийг нээдэг гарц бол төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой газруудын Төлөөлөн удирдах зөвлөл. Өмнөх Засгийн газрын өнгөнд зургаан хувийн хүүтэй 50 саяын орон сууцны зээлийн мөнгийг байршуулсан Төрийн банк иргэдэд хаалттай шахам байсан атлаа ТУЗ-ийнх нь гишүүд өөрсдийгөө толгой дараалан 15 сая төгрөгөөр шагнажээ. Дээр нь Хяналтын зөвлөлийг 30 сая, банкны гүйцэтгэх удирдлагыг 46 саяар амыг нь таглаж, татвар төлөгчдийн мөнгөнөөс нийтдээ 199 сая гаруй төгрөг шууд халаасалчихсан байна. Уг нь энэ мөнгийг 50 саяын зээлд зарцуулсан бол 400 гаруй өрхийн орон сууцны асуудлыг шийдэх байсан. Бас болоогүй ээ. ТУЗ-ийн зургаан гишүүн орон сууцны дэмжлэг нэрээр тус бүр 90 сая төгрөг авч, тэдний тав нь дахиад 100-204 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл нэмж авсан байгаа юм.
Ер нь улсын хэмжээнд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 49 аж ахуйн нэгжийн ТУЗ-д давхардсан тоогоор төрийн албан хаагч 355 гишүүн сонгогджээ. Тэд сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөнөөс ихгүй цалин авч, төлөвлөгөө давуулсны шагнал, ашиг хуваарилсны урамшуулал авдаг. Харамсалтай нь компаниа ашигтай ажиллуулах тооцоо судалгаа хийдэггүй, аль болох ахиухан мөнгө авах шийдвэр гаргуулахын төлөө хоноцын сэтгэлгээгээр ханддаг нь нууц биш. ТӨХК-иудын ТУЗ-д хамгийн ихээр шургалсан төрийн албан хаагчид бол Төрийн өмчийн хорооныхон. Тус газрын 60 ажилтны 44 нь аль нэг ХК-ийн ТУЗ-ийн гишүүн байна. Тус хорооны орлогч дарга гэхэд долоон ТУЗ, тэгээд 3-5 ТУЗ-д багтдаг олон хүн бий. Ажиллагсдын дунд аль болох олон ТУЗ-д орохын тулд өрсөлддөг болсон нь ч нууц биш.
Төрийн албан хаагчдаас улсын байцаагч болж чадсан бол амьдрал нь олны нүдэн дээр эрс дээшилдэг. Үүнийг Монголд сохор хүн ч гадарлана. Энэ талаар эрхэм гишүүд энгийн албан хаагчдыг хөлдөө чирч байна. Тэд хулгайн анд дуртай нь нисдэг тэрэг хөлөглөн үнэг хөөж байгаад шургаж унасан инээдэмтэй ч юм шиг эмгэнэлтэй ч юм шиг явдлын эзэн “Симба” Батаагаас эхтэй. Дараа нь Батлан хамгаалахын сайд асан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ангийнхаа дүү Н.Номтойбаярыг дагуулан дархан цаазат газарт зэрлэг гахай агнаж, ангаа улсын начнаар өргүүлэн ид хаваа гайхуулж фэйсбүүкт гангарсан. Эрхэм гишүүдийн халдашгүй эрх багадаад байгаа юм шиг МХЕГ-ын дарга асан Р.Содхүү 2012 оны тавдугаар сарын 23-ны өдрийн 179 дүгээр тогтоолоор заримд нь байгаль орчны улсын байцаагчийн үнэмлэх, тэмдэг олгож дархалсан байх юм. Уг тушаалд “улаан хамгаалагч” У.Хүрэлсүхээс эхлээд М.Энхболд, Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Д.Зоригт, Ц.Дашдорж, Я.Содбаатар, Т.Бадамжунай, Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа бүр хатагтай Д.Оюунхорол хүртэл багтжээ.
Манай дарга нарт иргэддээ биш, дээшээ тал засдаг муухай дутагдал бүр архагшсан. Нэгээхэн жишээ дурдахад, Газрын тосны газар гэж төрийн ч юм шиг, сургалтын юм шиг байгууллага байна. Тус газар Газрын тосны орлого,Төлөөлөгчийг дэмжих сан, Сургалтын урамшуулал, Талбайн дэнчингийн орлого гэсэн гадаад валютын дөрвөн данстай, сүүлийн гурван жилд зөвхөн гадаад томилолт, сургалтын зардалд таван тэрбум гаруй төгрөг зарцуулсан нь нийт төсвийн 62 хувийг эзэлжээ. Одоо ГТГ-ын нэр дээр АНУ, Англи, Австрали, БНХАУ, ОХУ, ХБНГУ, Малайз, Тайвань, Японд 101 оюутан 3-5 жилийн хугацаатай бүрэн тэтгэлгийн 8-16 мянган ам.доллараар суралцаж байна. Тэдний дотор УИХ-ын гишүүн асан Б.Өвгөнхүү, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга асан Д.Нямжав, ҮТЕГ-ын дэд дарга Ж.Шишмишиг, Уул уурхайн ассоциацийн тэргүүн Н.Алгаа нарын хүүхдүүдээс эхлээд төрийн түшээдийн хүүхдүүд ч цөөнгүй багтжээ. ГТГ-ын газрын дарга асан Д.Амарсайханы 2010 оны наймдугаар сарын 24-ний өдрийн оюутан шилжүүлэх шийдвэрийг хүчингүй болгож, сургалтын зардлыг санхүүжүүлэх тухай гэсэн 91 тоот тушаалд Ө.Хангайхүү (ХБНГУ.Э.Карлсын их сургууль, мэдээлэл зүй) нарын тус салбарт огт хамаагүй найман оюутны 2009-2010 оны сургалтын төлбөрт 4800-16000 буюу нийт 65600 ам.доллар олгохыг Захиргаа, санхүүгийн хэлтэс /Л.Энхтуяа/-т даалгажээ. Тэр ч байтугай А.Тулга, Ө.Хангайхүү нар 2010 оны наймдугаар сард сургуулиа төгссөн тул 2010 оны 1-6 дугаар сар хүртэл хугацааны тэтгэмжийг нөхөн олгох өгөөмөр шийдвэр гаргасан байна.
ИНЕГ бас ГТГ-аас дутахгүй хачирхалтай газар. Эднийхэн өнгөрсөн дөрвөн жилд 15 тэрбум төгрөгөөр бие биедээ найр тавьжээ. ИНЕГ-ын хуучин дарга С.Батмөнх ажлаа хүлээлгэж өгөхөөсөө өмнө өөрийгөө Хөдөлмөрийн баатарт тодорхойлуулж, эхнэртэйгээ хамт 5,3 сая төгрөгийн эмчилгээний зардлыг үндэслэлгүй гаргуулж, МАН-ын “Улаан сарнай” шинэ жилийн баярыг 10 саяар ивээн тэтгэжээ. Түүгээр ч барахгүй нөлөө бүхий эрхмийн ивээлээр “Чингис хаан” олон улсын нисэх буудлын шалгагч Ж.Өлзийхишиг гэдэг эмэгтэйд 2012 оны долдугаар сард орон сууцны хөнгөлөлтөд 30 сая төгрөг олгосон атлаа арваннэгдүгээр сард АНУ-ын Калифорни мужийн их сургуульд байгууллагын зардлаар (36410 ам.доллар) суралцуулах шийдвэр гаргасан нь хачирхалтай. Нэг хүнд нэг жилд төрөөс ийм их тусламж, хөнгөлөлт хүртээж болдог юм уу.
Энэ бүхэн авлигын төрөл арилжсан хэлбэрүүд. Авлигыг дандаа мөнгөөр авч өгөлцөөд байдаггүй. Албан тушаалд томилж болно, шагнаж урамшуулж болно, гадаадад аялуулж, сургуульд явуулж болно, нууц амрагийг нь харж үзэж болно, бас ямар нэгэн хариу тус хүргэж болно. Эр хүн 13 мэхтэй бол авлигачид 93 аргатай гэж нэгэн бичигдээгүй нэвтэрхий толь бичигт дурджээ. Сар гаруйн өмнө ЗГХЭГ-аас яамнаасаа том толгойлсон есөн агентлагийг шалгахад бүгд муу дүн авчээ. Улсад учруулсан 14 тэрбум төгрөгийн хохирлын мөрөөр татварын албаныхан дахин шалгаад 26 тэрбумын акт тавьсан байна. Золиосонд нь Дэнзэнг Данзан болгосон. “Баяжигтун” гэдэг лоозон дэвшүүлсэн Солийн Данзанг Ардын намынхан буудчихсаныг түүх мартаагүй. Уг нь Данзангийн зөв байжээ.
Х.Аянга
Ноцтой баримтуудыг доорхи линкээс харна уу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ