Орон нутаг дахь хүний эрхийн зарим зөрчлийг газар дээр нь шийдвэрлэжээ
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь хүний эрх, эрх чөлөө, ХЭҮК-ын үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд сурталчлах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх, иргэд, олон нийт, төрийн байгууллага, албан тушаалтнуудын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор "Хүний эрхийн нээлттэй өдөр” буюу сургалт, сурталчилгаа, хяналт шалгалтын цогц арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай билээ.
Тус арга хэмжээний хүрээнд ХЭҮК энэ жил 14 аймагт ажиллахаар төлөвлөн өнөөдрийн байдлаар 11 аймагт очиж ажиллаад байна.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй баг 2013 оны 6 дугаар сарын 3-5-нд Баянхонгор аймгийн төв болон тус аймгийн Баян-Овоо суманд, 6 дугаар сарын 6-13-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн төв болон Есөнбулаг, Алтай, Бигэр, Чандмань сумдад ажиллаж "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг зохион байгууллаа.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих үндэсний чадавхийг бэхжүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан тус арга хэмжээг аймаг тус бүрийн Засаг даргын Тамгын газартай хамтран явуулсан бөгөөд нээлттэй өдрүүдээр тухайн орон нутаг дахь төрийн албан хаагчид болон хууль хяналтын байгууллага, хилийн цэргийнхэнд хүний эрхийн сургалт явуулж, цагдан хорих, хорих баривчлах байр, эрүүлжүүлэх байр, уул уурхайхяналт шалгалт хийж, иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, өргөдөл гомдлыг хүлээн авч зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн юм.
Мөн ХЭҮК-ын гишүүн орон нутаг дахь иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл болон иргэдтэй тусгайлсан уулзалт хийх замаар тухайн нутаг дэвсгэр дэх хүний эрхийн зөрчилтэй асуудлыг хэрхэн шийдвэрлэх, эрхийнхээ төлөө тэмцэх арга, хүний эрх, эрх чөлөөний талаарх мэдээллийг өгч, нээлттэй ярилцаж, иргэдийн санал хүсэлтийг сонсов.
Уул уурхайн бүс нутаг дахь хувиараа ашигт малтмал олборлогчидтой биечлэн уулзаж, санал асуулга судалгаа явуулж, зарим уул уурхайн компанийн үйл ажиллагаатай танилцлаа.
Түүнчлэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан баг Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт байрлах ХХЕГ-ын харьяа Хилийн цэргийн дугаар ангийн ажилтан, алба хаагчдад хүний эрхийн бүтэн өдрийн сургалтыг зохион байгууллаа. Хил хамгаалах ерөнхий газартай хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд хил хамгаалах байгууллагуудын ажилтнуудад ХЭҮК-оос хүний эрхийн сургалтыг зохион байгуулж эхлээд байгаа билээ.
Дээрх аймгуудад намын харьяаллаас үүдэлтэйгээр ажлаас үндэслэлгүй халах, уул уурхай дагасан нутаг дахь иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах, улмаар соёл, уламжлалаа хадгалан үлдэх, цэвэр усаар хангагдах зэрэг эрх зөрчигдөх, зарим цагдан хорих болон түр саатуулан баривчлах байр, эрүүлжүүлэх байрны орчин нөхцөл шаардлага хангаагүй зэрэг зөрчилтэй асуудал байгааг арга хэмжээний төгсгөлд дүнгийн хурлаар хэлэлцүүлж, нутгийн удирдлагуудад тухай бүрт мэдээлж, зохион арга хэмжээ авч ажиллахыг зөвлөлөө.
Баянхонгор аймгийн хувьд мөнгөн усны томоохон хэрэг илэрсэн, шүүх хуулийн шинэтгэл хийгдэж байгаа ч анхан шатанд энэ нь орхигдсон, иргэдийн хууль эрх зүйн мэдлэг ойлголт, мэдээлэл дутмаг зэрэг асуудал байв. Тус аймгийн Засаг даргын захирамжаар эрүүлжүүлэх байрны хураамжийг тухайн байгууллагын зардалд ашиглахаар болсон нь тус байрны тохижилт, эрүүл ахуй нөхцөлд сайнаар нөлөөлөх, бусад газарт үлгэр жишээ болохуйц ахицтай алхам боллоо хэмээн ХЭҮК-ын зүгээс үнэлэв.
Говь-Алтай аймгийн хувьд гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалах байрны асуудлыг шийдвэрлэх арга замыг олсон нь онцлог байсан бөгөөд аймгийн цэвэр усны хангамж, бичил уурхай эрхлэх байдлыг цэгцлэх, эрүүлжүүлэх болон баривчлах байрыг шинэчлэн сайжруулах зэрэг асуудлыг орон нутгийн түвшинд шийдвэрлэх шаардлагатай гэж үзэв.
Хүний эрхийн зөрчил бүхий зарим асуудлаар тухайн аймгийн удирдлага болон холбогдох харьяа газруудад Комиссын гишүүний шаардлагыг жич хүргүүлэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ