Г.Бямбажаргал: Би чинь мянгат малчин шүү дээ
Яралзсан цагаан шүд, сайхан инээмсэглэл, цээл хоолойгоор ардын дууг хүрээ хэв маягаар дуулж олны хүндэтгэл хүлээсэн “Түмэн эх” чуулгын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Г.Бямбажаргалтай ярилцлаа.
-Зуны сайхан улирал эхэллээ. Сонин сайхан юу байна?
-Францын Парис хотод Театр делавил хөгжим урлагийн театрт гурван удаа, Испанийн Сан Себастиан хотод очиж тоглоод ирлээ. Одоо “Түмэн эх” чуулгынхаа уран бүтээлд оролцохын хажуугаар улсын баяр наадамтай холбоотой телевизийн нэвтрүүлэгт оролцоод явж байна. Бас 24-30-ны хооронд Люксембургт очиж тэдний хоортой хамтарч монгол ардын уртын дуу "Хэрлэнгийн баръяа"-г дуулна.
-"Хэрлэнгийн баръяа" дууг гадны найруулагч найруулж байгаа гэсэн үнэн үү?
-Францын хөгжмийн зохиолч Арманд Амор миний “Урьхан хонгор салхи” CD–нд байсан "Хэрлэнгийн баръяа" дууг сонсоод “Ямар гоё аялгуутай дуу вэ, ямар хөгжмийн зохиолч зохиосон юм бэ, энэ дуугаа миний хийж байгаа баримтат киноны дуу болгон дуулж өгөх боломж байна уу гэсэн. Энэ ямар нэг хөгжмийн зохиолчийн дуу биш, ард түмний дундаас гарсан уртын дуу байгаа юм гээд учрыг нь тайлбарлаж өгсөн. Алс цар хүрээ нь уужим, яалт ч үгүй ус урсах, хүрхрээ буух шиг мэдрэмж төрж байна гэж байсан. Байгалийн тухай “Хоом” гэдэг баримтат кино хийсэн, тэрнийхээ цаст уулын орой, дээрээс урсаж байгаа хүрхрээний дүрс гарах тэр хэсэгт энэ дууны хэсгээс оруулсан.
-Гадныханд манай уртын дууны юу нь тэгтлээ таалагддаг юм бол?
-Орон зай, цар хүрээ нь их таалагдаг юм шиг байна билээ. Таны дуунаас орон зайн асар том алслал мэдрэгдэж байна гэж хэлсэн л дээ. Утга агуулгыг нь тэд мэдэхгүй ч гэсэн сонсоход агаарт нисээд явчихаж байгаа юм шиг санагддаг гэсэн шүү. Монгол ардын уртын дууны гол онцлог нь л тэр юм даа.
-Танаас өмнө гадны уран бүтээлчидтэй хамтарч уран бүтээл хийж байсан уртын дуучид байгаа юу?
-Зууны манлай уртын дуучин, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Норовбанзад багшийг маань Японы ард түмэн үнэлээд том шагналаа өгсөн шүү дээ. Манай бусад уран бүтээлчид ч гэсэн гадаадын орнуудад зөндөө очиж дуулж, ардын урлагийн сайхныг мэдрүүлсээр байгаа.
-Та ихэвчлэн гадаад руу явж тоглолтод оролцдог уу?
-Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгад ороод 16 жил болж байна. Жилдээ 2-3 удаа явдаг. Өнгөрсөн жил гэхэд морин хуурын чуулгын “Хулан” хамтлагтай Италийн хотуудаар зуны фестивальд оролцсон. Уртын дуугаа сурталчлаад явахад үнэхээр ховор олдох хувь тохиол гэж би боддог.
-Олон ястны дуу дуулахад хэцүү байдаг уу?
-Би өөлд хүн. Аав маань Ховдын Эрдэнэбүрэнгийнх, ээж Увсын Тэс сумын баяд хүн. Би өөрөө Увс аймгийн Өмнөговь сумынх гэж овоглож явдаг. Баруун монгол ардын дундаасаа хүн болж өсч торнисон болохоор надад тэр нутгийн аялгуугааар ярьж, дуулахад төвөгтэй биш. Би хотод суурьшсанаас хойш төв халхын уртын болон ардын дууг дуулж сурснаас биш баруун монгол ардын дууг ингэж дуулна шүү гэж заалгаагүй. Надад харин ч амар байдаг юм шүү.
-Та нэг дууны домог хэлээч?
-Баян цагаан нутгийн дууны домгийн хэлье. Энэ баяд ардын уртын дуу. Баядууд нутгаасаа нүүдэллэж одоогийн Увс аймгийн Тэс, Зүүнговь, Хяргас суманд суурьшсан. Ингэхдээ өөрсдийн нутаг усаа санан дурсаж, тэр нутаг усныхаа хайрхануудыг шүтэж, энэ дууг зохиосон түүхтэй. Тухайлбал, Зүүнговь сумынхан Өгөөмөр гээд хайрханаа, Тэсийнхэн Тэс голоо гээд л.
-Багаасаа л дуулдаг хүүхэд байв уу?
-Тийм ээ. Манай суманд Чингис, Чулуунжав гэдэг дуу хөгжмийн багш нар байлаа. Тэд маань намайг хөөрхөн дуулдаг гэж хэлнэ. Би тэрэнд нь урамшаад хүүхдүүдийн дунд жил бүр болдог байсан урлагийн наадамд оролцдог байсан. Бас амжилт гаргаж, таван медалийн эзэн болж байсан юм. Ер нь урлагт дуртай хүүхэд байлаа.
-Танай удамд дуучин хүн бий юү. Ер нь хэзээнээс дуулах болсон бэ?
-Байхгүй. Харин хүй боож авсан ээж маань сайхан дуулдаг, авьяастай хүн байсан гэсэн. Аав, ээж намайг тэр хүнийг дуурайсан гэж ярьдаг.
-Яагаад заавал ардын, уртын дуу сонгож дуулах болсон юм бэ?
-Уг нь би СУИС-д орохдоо ардын жүжигчин А.Загдсүрэн багшийн удирдсан дуурийн дуулаачийн ангид орсон. 14 хоног хичээллээд л надад тохирохгүй, чадахгүй гэдгийг мэдсэн. Хөдөө өссөн надад гамм унших нь миний дуулах арга барилаас их хол хөндий байсан тул багшдаа уртын дууны ангид орох хүсэлтэй байгаагаа хэлснээр төрийн шагналт, ардын жүжигчин Н.Норовбанзад багшийн шавь болсон. Тэр үед СУИС зургаан жилийн сургалттай байлаа. Сүүлийн гурван жилд нь Норовоо багшийн бие чилээрхэж, би Соёлын тэргүүний ажилтан Ц.Дэлгэр багшийн ангид шилжсэн. Манай гэрийнхэн нэлээд дургүйцсэн л дээ, яагаад ангиа сольчихов оо гээд. Манай нутгийнхан уртын дууг нэг их дуулдаггүй байхгүй юу. Тийм болохоор тэдэнд таалагдаагүй юм шиг байгаа юм.
Тэгээд жил хагасын дараа “Эрдэнэ засгийн унага”, “Цомбон туурайтай хүрэн” гэх мэт бэсрэг дуутай болоод, тэрийгээ гэртээ давтсаар байтал сүүлдээ гэрийнхэн маань дагаж дуулдаг болсон шүү. Эхлээд уртын дууг сурахад хэцүү ч гэсэн сонсох хүрээлэл нь их шүү дээ. Хэрвээ би оперийн дуучин болсон бол дэлхийн хэмжээнд хүрсэн уран бүтээл хийж явахгүй л байсан байх. Улс эх орныхоо нэрийг гаргахгүй юм бол уран бүтээлч явахын хэрэг юусан билээ. Төрүүлж өсгөсөн аав ээж, уртын дуу зааж өгсөн багш нараараа бахархаж, хайрлан хүндэтгэж явдаг. Н.Норовбанзад багшаараа гурван жил заалгасан, Монгол Улсын гавьяат багш Ц.Дэлгэрийн шавь болсноороо би бахархаж явдаг.
-Чуулгадаа хэзээ орж байв?
-1997 онд “Түмэн эх” чуулгад орохоор шалгуулахдаа “Уртын дуу л дуулж чадна” гээд хэдэн дуу дуулж шалгуулсан. Тэгтэл чуулга цөөн дуучинтай тул ардын дуу зайлшгүй сур гэлээ. Анх “Хөх торгон цамц”-ыг дуулж сурсан. Тухайн үеийн манай ахмадууд залуу үеийнхэндээ зааж сургадаг, халамжтай хүмүүс байсан. Дуучдаас гадна олон жилийн туршлагатай ахмад хөгжимчид ардын дуу дуулах арга барилыг харамгүй зааж өгсөн.
-Уртын дууны дөртэй бололгүй ардын дуу дуулбал хэв маяг алдагддаг гэж үнэн үү?
-Анх чуулгад орсныхоо дараа Дэлгэр багш дээрээ очоод “Яана аа багш аа, ардын дуу дуул гээд байна” гэсэн чинь багш маань эхний нэг хоёр жилдээ тэсээд, уртын дуугаа л дуулаад бай. Өөрийн гэсэн хоолойтой болсон хойноо л ардын дуу руугаа орох хэрэгтэй гэж хэлсэн. Эргээд бодоход энэ үг яалт ч үгүй үнэн байсан. Уртын дууг дуулахдаа урт амьсгаа аваад увуулж цувуулж гаргадаг бол ардын дууны мөр болгон дээр амьсгаа авч гаргадаг. Тэгэхээр амьсгаагаа тогтоогоогүй байж ардын дуу дуулахаар уртын дууны хэв маягийг алдагдуулчихдаг юм билээ.
-Амьсгаа авч сурах нь дуулахад их чухал байдаг юм аа даа.
-Чуулгад ирээд удаагүй байхдаа Чулуунцэцэг, Базарбат гавьяаттай “Уяхан замбуу тивийн наран” дууг нэг их мундаг амьтан үндэсний цөөхүүлтэй дуулдаг юм байна. Тэгсэн миний амьсгаа хаана байгаагаа анзаарсан. Түүнээс хойш Базараа ахаас дасгал авч, давтдаг болсон. “Базараа ах аа, дасгал өгөөч” гээд л байн байн гуйна. “Бямбаа ямар зовлонтой юм бэ” гэдэг байлаа.
-Амьсгаагаа зөв авахын тулд ямар дасгал хийдэг юм бэ?
-Уухай уншиж, 32 цагаан лонх тоолуулна. Уухайлахдаа уртын дууны цохилт, шигшилт, шуранхай гээд бүх чимгийг хийж, хоёр октавын хооронд дуулдаг. Тэгж байж амьсгаа сууж, хоолойн цараа өргөсдөг. Шуранхайг хүмүүс буруу ойлгодог шиг санагддаг. Энэ нь хамар, нармайгаар дуугарахыг хэлдэг. Хоолойгоо амрааж, хамар, нармайгаар дуугарч байгаа хэрэг. Тэгэхээр шуранхай орсон дуунд хоолой их амардаг юм.
-Та хэдэн цагаан лонх уншдаг байв?
-Цагаан лонх унших гэж үхэж алдана. Арван хэд болоод л тасарч унана. Тэгэхэд Базараа ах 30 хол гаргаж уншина шүү дээ. Уухайг ч маш сайхан уншина. Уртын дууг жигд амьсгаагаар дуулах ёстой. Үүний тулд багш маань лааны гэрлийг нэгэн жигд сүүмэлзүүлж, үлээх дасгал хийлгэдэг байсан. Хүмүүс амьсгаагаа цээжээрээ авдаг бол бид бүсэлхийнээс доош хэвлийгээр авна. Базараа багш дуулахад хормой нь түмбэсхийнэ. Тиймээс дуучид амьсгаагаа хэр зөв, сайн авч байгааг мэдье гэвэл хормой нь яаж хөдөлж байгаагаар харж болдог.
-Хичнээн цомог гаргасан бэ?
-“Түмэн эх” чуулгад орсныхоо дараа уртын зургаа, ардын болон зохиолын тус бүр дөрвөн дуутай “Урьхан хонгор салхи” цомгоо анх гаргаж, өөрийгөө ямар дуучин, ямар төвшинд дуулж байна вэ гэдгээ шалгасан. 2004 онд “Дөрвөд далай нутаг мину зэ” гэсэн төв халх болон баруун монгол ардын дууны цомог, 2011 онд “Дөрвөн цагийн тал” цомгоо гаргасан. Хамтарсан хоёр CD байна.
-Ойрын хугацаанд CD гаргах уу?
-Гаргана. Нэг CD-ний ажилдаа орсон. Хийж байгаа ажлаа хэлчихээр бас бүтдэггүй тал байдаг. Гэхдээ ирэх жил цагаан сараас өмнө уран бүтээлийн тоглолт хийх төлөвлөгөө байгаа.
-Та дуулж байхдаа их гоё инээмсэглэдэг. Бас сайхан шүдтэй. Ер нь нүүрний баясгалантай хүн юм аа?
-Миний инээмсэглэлд хүмүүс их дуртай шүү (инээв). Ер нь би инээд муутай. Мэргэжилдээ дуртай болохоор дуулж байхдаа дотроосоо гэрэлтэж, үзэгчдэд сайхан эрч хүч өгөх ёстой гэж боддог. Албаар инээнэ гэж байхгүй л дээ. Манай эмээ их сайхан шүдтэй хүн байсан гэдэг. Ээж маань ч гэсэн. Ер нь манай гэрийнхэн шүд сайтай. Нутгийнхан намайг ээжтэйгээ их адилхан гэдэг.
-Таныг дээл өмсөх их дуртай гэсэн...
-Дээл өмсөх дуртай. Гэхдээ энгийн үедээ их төв хувцаслана. Чөлөөт хувцас бараг өмсөхгүй дээ. Ажил хэрэгч хувцас юм уу дээл өмсөнө. Гэхдээ зуны сайхан дэлгэр цагт палааж өмсөх дуртай, нэлээд ч хэдэн палааж байгаа. Богинохон юбка, шорт ёстой өмсөж байгаагүй. Бас гоё гуталд дуртай. Тэрэнтэйгээ хослуулаад цүнх авах дуртай. Ер нь эмэгтэй л хүн юм хойно ямар л гоё юм байна, авна шүү. Үнэртэй усанд бас дуртай. Аль болох чанартай юм хэрэглэхийг хүсдэг.
-Хэдэн дээлтэй вэ. Урлагийн, амьдралын нийлээд?
-Олон бий. Би чинь урлагийн дээлнээсээ гадна жилд хоёр дээл оёулдаг. Цагаан сараар нэг, наадмаар нэгийг. Дээлнийхээ өнгийг жил бүр солино. Хүмүүс хэлдэг, та дээл мэддэггүй байсан, одоо бол дээлний оёдол, эмжээрийн чанар нь хүртэл сайжирчээ гээд л. Зарим багадсан дээлээ дүү, эгч нартаа өгдөг. Би чинь айлын есөн охины нэг. Гурван эгч, таван дүүтэй.
-Нээрээ таныг харж байхад их гоё гутал өмсдөг.
-Эмэгтэй хүн, тэр тусмаа урлагийн хүн болохоор сайхан харагдаж, зөв бүрэн хувцаслахыг хичээдэг. Гоё ганган гуталд дуртай. Тиймээс эндээ загварын гутал захиалж хийлгэдэг. Манайхан “Бямбаа яасан гоё гутал өмсөө вэ, хэнээр хийлгэсэн юм” гэдэг. Гэхдээ бас захиалж хийлгэсэн гутлаа нийтийнх болгочихгүй санаатай.
-Тоглолтын гутал захиалгаар хийлгэхэд үнэтэй юү?
-Нэг гутлыг 120 мянган төгрөгөөр хийлгэдэг. Өдөр болгон тоглолтод ордог болохоор гутал дороо мууддаг. Хүмүүсийн өмнө халцарсан, майжгий гуталтай гарах онцгүй шүү дээ. Хүмүүст байнга сайхан харагдаж, урлагийн хүн байна гэдэг бурхнаас өгсөн хишиг гэж боддог.
-Та багадаа их сэргэлэн хүүхэд байсан уу. Ер нь ямар зан чанартай вэ?
-Шударга. Ер нь их түргэн зантай. Бас шаардлага өндөртэй. Өөртөө ч, хүүхдүүддээ ч өндөр шаардлага тавьдаг. Гэхдээ юмны эцсийг харахдаа муу юм шиг байгаа юм. Багадаа бол сэргэлэн, сурлага сайтай хүүхэд байсан. Бүлгийн дарга хийгээд л явж байлаа.
-Дуулахаас өөр ямар авьяастай вэ?
-Хүүхэд байхдаа сагс, волейбол, теннис тоглодог байсан. Одоо чөлөөт цагаараа усан санд сэлэх дуртай. Бас хөгжим тоглох сонирхолтой. Чингис багшийнхаа ачаар ятга, шанз, ёочин зэрэг үндэсний хөгжимд ганц хоёр дуу тоглох дайны болсон. Гитар сайн тоглоно.
-Таныг сэтгүүлч болохыг мөрөөддөг байсан гэж сонссон?
-Тэр миний давхар мөрөөдөл юмаа. Надад сэтгүүлчийн мэргэжил их сайхан санагддаг. Янз бүрийн хүмүүстэй уулзаад л, олон хэлтэй бол бүр сайхан юм шиг. Сэтгүүлч байсан бол тэгж бичих байсан байх даа гэж их мөрөөддөг. Тэгээд яахав дээ, би одоо нэгэнт дуучин мэргэжил сонгосон, сэтгүүлч болж чадахгүйгээс хойш охиноо сэтгүүлч болгох бодолтой байгаа. Уг нь жаахан байхдаа ээжийн хэлснээр сэтгүүлч болно гээд байдаг байсан одоо томроод хуульч болно гэж яриад байгаа. Миний охин аравдугаар ангид сурдаг. Наад зах нь орос, хятад, англи хэлтэй байх ёстой шүү гэж захиад л байгаа. Сэтгүүлч мэргэжил эмэгтэй хүнд их сайхан мэргэжил шиг санагдаг.
-Хүүхдийнхээ үзэл бодлыг нь хүндэтгэж үзнэ биз дээ?
-Хүндэтгэнэ л дээ. Гэхдээ аль болох сэтгүүлч болгох талаас нь л хэлж ойлгуулахыг хичээнэ дээ. Өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлээд, хамгаалж чаддаг сайхан мэргэжил. УИХ-ын гишүүн Уянга байна. Сэтгүүлч мэргэжлээс гараагаа эхэлсэн хүн. Зоригтой дуугарч, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсээр эцэст нь гишүүн болчихлоо. Мундаг байгаа биз. Сэтгүүлч болох мөрөөдөлтэй хүнд бол үлгэрлэхээр хүүхэн байна билээ.
-Гэр бүлийнхнээ танилцуулж болох уу?
-Миний хань бид хоёр бүр арван жилийн нэг ангийнх. Нөхөр маань Увсын Завхан сумынх. Тухайн үед тэдний сум найман жилийн сургалттай байсан болохоор үлдсэн хоёр жилээ манай суманд ирж сурсан юм л даа. Тэрнээс хойш өдий хүртэл хамтдаа сайхан амьдарч байна даа. Одоо мал аж ахуй, газар тариалангийн салбарт ажиллахын хажуугаар бизнес эрхэлдэг. Хоёр хүү, нэг охинтой. Том хүү маань Токиогийн их сургуульд сурдаг, дунд охин “Сант” дунд сургуульд сурдаг, бага хүү маань нэгдүгээр ангид орох гэж байна.
-Нөхөртөө анхны харцаар дурлаж байв уу, дурсамжаа хуваалцаач...
-Энхбаяр их сэргэлэн, галтай цогтой, онц сурдаг, сагс тоглодог хөөрхөн банди байсан юм. Тэгээд тухайн үед миний нүдэнд торсон болоод л үерхсэн. Манай хүнийг охид их сонирхдог байсан шүү. Бидний үед хоорондоо захидлаар их харилцдаг байлаа. Олон захиа ирдэг байсан, заримд нь хариу бичдэг л байсан.
-Танайх Увс аймгийн Өмнөговь сумынх гэсэн. Нутаг усаа их санадаг уу?
-Миний нутаг араараа сайхан уултай. Сумынхаа хажуугаар Намирын гол гээд гол урсдаг. Маш гоё тунгалаг. Бороо орсон үед доороо их шавартай учир улаан бор өнгөтэй болчихдог. Би нутгийнхаа тухай “Өмнийн говь нутаг минь” гээд дуу дуулсан. Пүрэвсүрэнгийн ая. Тэгээд өнгөрсөн жил тэр дуугаа дүрсжүүлэх гээд нутагтаа очиход яг сонгуулийн үе таараад хоёр өдөр тасралтгүй бороо орсон. Тэгээд би “Надад нутаг минь гомдсон юм болов уу даа. Дараа жил заавал дахиад ирнэ дээ гэж хэлсэн. Улсын баяр наадам өнгөрөхөөр өдөр судар харж байгаад бороогүй сайхан нартай өдөр нутагтаа очиж дуугаа гүйцээж дүрсжүүлэх санаатай байна.
-Нутагтаа очихоор яг тэнд л хурдан очих юмсан гэж бодогддог газар бий юу?
-Тэнд энд очих юмсан гэж голдоггүй. Миний нутгийн бүх газар, байгаль тэр чигээрээ сайхан. Манай нутагт Туулайн хар гэж нэрлэдэг нэг их сайхан уул бий. Тэр уул намайг очиход дээрээ малгай өмссөн юм шиг үүлтэй угтсан. Их сайхан, бэлгэшээлтэй байсан. Тэгээд цаашаа Улайстайн гол орж чадалгүй буцсан. Сайхан байгалийнх нь зүргийг бүгдийг нь авмаар санагдсан ч авч чадаагүй. Дуучин Бямбажав “Намирын гол” дууг сайхан дуулсан. Би ч гэсэн Өмнөговь нутагт минь надаар овоглосон нэг дуу байгаасай гэж хүссэн учраас энэ дуугаа хийх гэж байгаа.
-Хөдөө байхдаа мал хариулдаг байв уу?
-Сумын төвд багш айлын хүүхэд байсан. Малд их хайртай. Ангийнхныг аав ээж нь мориор сургуульд хүргэж ирэхээр морийг нь унаж давхина. Ойрхон байдаг найзуудынхаа гэрт очиж, хонь ямаа саадаг байсан. Харин одоо Энхбаяр бид хоёр олон малтай болсон. Мал ахуйд их ойртож байгаа.
-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Долоо хоногийн нэг өдөр тогтмол гэр бүлээрээ усан бассейнд ордог. Тэгээд боломж таарвал хүүхдүүдээ аваад малчид дээрээ очих дуртай. Малчидтайгаа ярьж хөөрөөд хоол унд хийж идээд, эх хурга нийлж байгаа тэр дууг сонсох үнэн аз жаргал шүү. Монголчууд үнэхээр азтай улс. Хаа дуртай газраа майхнаа бариад хэвтэж болно.
-Малчидтай гэж байхыг бодоход их л малтай юм байна даа?
-Мянгат малчин айл шүү дээ. Таван хошуу мал байгаа. Нутагтаа нэлээд тэмээтэй. Бас илүү нугаламтай хонины аж ахуйтай.
-Усан бассейнд яагаад явах болов, ач тус нь юу юм бол?
-Манай том хүү хичээл ихтэй. Толгой нь их өвддөг болохоор эмч усан бассейнд явж бай гэж зөвлөсөн. Тэгээд бид гэр бүлээрээ явахаар шийдсэн. Одоо заримдаа явахгүй өнжихөөр усаа санаад хэцүү байдаг болсон байна. Усан дээр сэлэхэд л хүний нуруу амардаг гэсэн. Долоо хоногийн нэг л өдөр нуруугаа амраасан байхад их л хэрэгтэй юм даа.
-Таны ирээдүйн зорилго?
-Өнгөрсөн жил магистраа төгссөн. Болж өгвөл баруун монгол ардын болон уртын дуугаар дорвитойхон уран бүтээл хийх юмсан гэж бодож байгаа. Тэгээд хэдэн жил дуулж байгаад багшилна гэж бодож байна. Өөрийн гэсэн үндсэн шавь, тэр тусмаа баруун монгол ардын дуу дуулдаг шавьтай болохыг хүсдэг. Зүгээр нэг урлагийн хүн гэсэн нэр зүүгээд амьдралаа дуусгамааргүй байна л даа. Урлаг их хатуу. Залуу насыг нь авчихаад хөгшрөөд ирэхээр шууд л голдог. Хориод жил урлагт зүтгэжээ. Тэгэхээр үлдсэн хугацаандаа эрчимтэй ажиллахыг л бодож байна даа.
-Цалин хэд авдаг вэ?
-Гар дээрээ 360 гаруй мянган төгрөг авдаг. Гэхдээ цалингаа голохгүй, сэтгэлээрээ л ажилладаг.
-Ямар машин унадагвэ?
-Prius 20 унадаг.
-Та нар тоглолтдоо орохдоо өөрсдөө будгаа хийдэг юм уу?
-Мэргэжлийн том тоглолт, кино энэ тэрд оролцохоор бол мэргэжлийн хүнээр будуулна. Харин өдөр тутмын тоглолтдоо өөрсдийгөө болгоод л байдаг юм даа.
-Таны арьс их гоё юм. Ямар гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ?
-Санхүүгийн боломжтой үедээ Cristian Dior түрхдэг. Аль болох бүтээгдэхүүнээ байнга солихыг хичээдэг. Заримдаа "Ив Роше"-гийн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Ургамлын гаралтай болохоор монголчуудад тохирсон байдаг. Сардаа нэг гоо сайханд ордог.
-Гоо сайхны мэс засал хийлгэж байсан уу?
-Одоохондоо үгүй шүү. Гэхдээ яалт ч үгүй муудаад ирсэн үед хийлгэж л таараа. Ямар ч эмэгтэй хүн тэгж бодох байх. Юм хөгжчихөөд байхад заавал үрчийж хөгшрөх ямар шаардлага байна. Аль болох сайхан байж байгаад мөнх бусыг үзүүлье гэж бодож байгаа.
-Багадаа ямар хочтой байсан бэ?
-Цомбоо л гэдэг байсан даа. Манай нутгийнхан Бямбажаргал гэхээсээ илүү Цомбоо гэдэг.
-Багш нарынхаа талаар ярихгүй юу. Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад гуайн шавь тийм ч олон байдаггүй байх?
-Тийм ээ. Норовоо багшийн дөрвөн отгон шавийн нэг нь. Хамгийн отгон нь ҮДБЭЧ-ын гоцлол дуучин Б.Батмэнд. Багш маань надад урдын дуу дуулах суурийг тавьж өгсөн. Уртын дуучин ямар нугалааг хаана оруулж, яаж дуулах ёстойг заадаг байлаа. Харин Дэлгэр багш маань дуу бол амьсгааны урлаг гэдгийг ойлгуулж өгсөн. Одоо ид дуулж байгаа дуучид үндсэндээ Дэлгэр багшийн шавь нар.
-Тэгвэл хүндэлж явдаг дуучин тань хэн бэ?
-ҮДБЭЧ-ын дуучин, ардын жүжигчин А.Нэргүйг хүндэлж биширч, тэр хүнээс үлгэр жишээ авч явдаг. Дуулах арга барилын хувьд ч, амьдрал, хувь хүний хувьд ч сайхан түвшин хүн л дээ.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ