Нотариатчдын хэрэг удахгүй дуулиан тарина

Би зөнбилигч биш. Бодит зүйл болохоор итгэлтэй хэлж байгаа юм. Нотариат гэдэг нь ингэхэд яг юу вэ гэдгийг нэг тоймлочихсон нь дээр биз. Түүхийг нь мөшгөөд яахав. Мөн чанар нь чухал байх. Товчхондоо, аливаа маргаанаас сэргийлж, хоёр этгээдийн тохирлыг, хувь хүний гэрээсийг хүртэл баталгаажуулдаг хуулийн этгээд гэвэл зохих мэт. Тэгэхээр юу хүссэнээ л батлуулж болно гэсэн үг л дээ. Тухайлбал, төрсөн газар, он, сар, өдөр, овог, нэр гээд юу эс мундахав.

Гэхдээ иймэрхүү юмаар бараг маргахгүй тул заавал нотариатжуулах хэрэггүй юм. Төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх байхад л болох нь тэр. Хаяадаа тэднийг хуулбарлаад, батлуулах нь буй. Хамгийн гол нь эд хөрөнгө, мөнгө төгрөгтэй холбоотой зүйлсийг заавал батлуулах жаяг тогтжээ. Яг тэр зайлшгүй шаардлага тэдэнд боломж олгодог юм байна. Шалдар, булдар зүйлийг ч яахав, тэгсхийгээд шударгаар батлаад өгчихнө. Баталсны хэдэн төгрөг аваад гүйцээ. Хэзээ нэг цагт тэд шүүхдэлцэхгүй тул тэдэнтэй зууралдах шаардлагагүй. Харин үл хөдлөх хөрөнгө, их хэмжээний мөнгөтэй холбоотой баримтыг баталгаажуулах нь тэдэнд хужир л гэсэн үг. Тэгэхдээ таарсан болгоноо ч тэгэхгүй.

Зохион байгуулалттай хийхийг чухалчилна. Тэр нь ч дээр. Араа бодолгүй аварга юманд толгойгоо дүрэхийг хэн бодох вэ. Ерөнхийдөө мафижсан гэхэд болно. Том гарын луйварчид, цагдаагийнхан, нотариатчид нягт сүлбэлдсэн байдаг ажээ. Луйварчид хэн нэгийг дөнгөхдөө тэднийг ашиглана гэсэн үг. Хэрэв азаартвал батлуулсан юм нь иргэний хэрэг болохоор зальдсан үг, өгүүлбэр хавчуулаад тамгалуулж орхидог хэрэг л дээ. Нотариатчийг мэдээж луйварчин шагнана. Томьёолбол, луйварчин дүүргийнхээ цагдаагийн юм уу, прокурорын нэлээд том албан тушаалтан танил/хамсаатан/-тайгаа ярина. “Түүнийг дөнгөчихвөл хоёулаа тийм юман дээр унана” гэх зэргээр. нөгөөх нь яавал зохилтойг зөвлөөд, заавал түүгээр/нэр бүхий нотариатч/ батлуулахыг даалгана. Гайхамшигтай гурвалжин гарч байгаа биз. Ингээд хөөрхий үйл нь ирсэн нөхөр хамаг хөрөнгөө алдаад, цагдаагаар хэсүүчлэн хорвоог барахыг хэлээд байгаа юм.

Нэгэнт иргэний хэрэг болчихоор тэгсхийгээд замхарна даа. Бусдын байр, мөнгө, эд хөрөнгийг тун амархан өөрийн болгочихно гэсэн үг. Цагдаагийн хөрөнгөлөг хурандаа нар, луйварчдын хөлжих хийгээд хөлжсөн арга ердөө энэ. Нотариатч хөнгөхөн мултраад үлдчих нь ойлгомжтой. Тиймээс тэд хэзээ ч хэрэгт холбогддоггүй билээ. Тэднийг илрүүлэхэд ч төвөгтэй. Энэ талын баримт маш ховор. Бараг байхгүйтэй адил юм. Тамга, гарын үсэг хоёроос өөр пакт гарахгүй. Нотариатчдын авлигын мөнгө 10 сая төгрөг байснаа 20 сая болсон баримт л байна. Яг ийм мафийн нэг гишүүн Ц гэдэг хүүхэн “Луусангийн” гэх хориход найман жилийн ял эдэлж байгаа агаад, түүний хохирогчдын алдсан мөнгө тэрбум шүргэжээ. Арваад хохирогчтой хэрэг бүгд иргэний болсон нь хачирхалтай. Хачирхалтай ч гэж дээ, болгочихсон юмыг яалтай. Түүний хамсаатан Т гэдэг эмэгтэй зургаан жилийн ял эдлээд саяхан гарчээ. “Солонгос явуулна” гэж иргэдийг хийцэлдэг байжээ. Сайн эм хүүхдүүдээ хүртэл цагдаагийн байгууллагад шургуулсан байгаа юм.

Ганцхан хүүхэн ингэж байхад аварга луйварчдын ард аварга нотариатчид буй нь тодорхой. Тэрбум, тэрбумын хэргийг зувчуулчихсан яваа. Цагдаагийн нэгэн томхон албан тушаалтны ярьсан биелбэл, “нотариатчдын” гэх хэрэг удахгүй дуулиан тарих нь ээ. Хэд хэдэн ийм хэргийн халуун мөрөөр орсноо хэлсэн билээ. Тэдний ажилд саад хийхгүйн тулд илүү нарийн ширийнийг хөндөх хэрэггүй биз. Гэхдээ бид ингэсхийгээд орхихгүй. Цаг нь ирэхээр тодорхой, шуурхай хүргэнэ ээ.

Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин