Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 2.2 тоннд хүрчээ
Монголбанкинд энэ оны эхний гурван сарын байдлаар дотоодын алт олборлогч аж ахуйн нэгж, иргэдээс нийт 2.2 тонн алт тушаажээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 300 кг-аар буюу 15.7 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Уг өсөлт оны эцэс хүртэл хадгалагдсан тохиолдолд Монголбанк энэ онд 22 тонн алт худалдан авах буюу одоогийн зах зээлийн ханшаар валютын нөөц 880 сая ам.доллараар нэмэгдэх бүрэн боломжтой аж.
Алт тушаалт нэмэгдэж байгаатай холбогдуулан валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанк нэг тонн гаруй алтыг өнгөрсөн долоо хоногт цэвэршүүлэх арга хэмжээг авсан байна. Ингэснээр валютын нөөц 41 сая ам.доллараар энэ долоо хоногт нэмэгдэнэ гэсэн тооцооллыг мэргэжилтнүүд хэллээ. Цаашид Монголбанк худалдан авсан алтаа цэвэршүүлэх тухай бүрт нөөц энэ хэмжээгээр өсөх аж. Дашрамд дурдахад, Монголбанк 2016 онд 18.3 тонн алт худалдан авсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ