Монголчууд ган бөмбөлөг үйлдвэрлэдэг боллоо

Сүүлийн үеийн сайхан мэдээ дуулгая. Монголчууд ган бөмбөлөг үйлдвэрлэдэг боллоо. Өнгөрсөн дөрвөн жил Ардчилсан нам засгийн эрх барьж байх үедээ импортын бүтээгдэхүүнийг оруулах, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслүүдийг дэмжсэний үе дүнд 60 сая ам.долларын валютын гадагшлах урсгалыг Монголдоо шингээх боломж бүрдэж байгаа юм.

Учир нь өнгөрсөн бямба гаригт тохисон билэгт сайн өдөр Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр евро стандартад нийцсэн Ган бөмбөлгийн үйлдвэрээ нээлээ. Үйлдвэрийн нээлтэд Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр болон бусад албаны хүмүүс оролцож, анх удаа Монгол Улс ган бөмбөлөг буюу нэмүү өртөги шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн нь эдийн засагт чухал ач холбогдолтой байх болно гэдгийг онцлов.

“Эрдэнэт”-эд ган бөмбөлөг өсөр өндөр үнээр нийлүүлж, дундаас нь цавчаа хийсэн тухай томчуудын “адал явдал”-ын талаарх дуулиан тасардаггүй. Тэгвэл ган бөмбөлөг гэж гайгүй унацтай томчуудын шахааны бизнес төгсгөл болоход ойрхон байна. Монгол Улс жилдээ 180 орчим сая долларын ган бөмбөлгийг импортоор авдаг байсан бөгөөд энэ нь томчуудын хувьд асар их унацтай “бизнес” байсан нь худлаа биш. Харин Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр ган бөмбөлөг үйлдвэрлэж эхэлснээр тус үйлдвэрээс ган бөмбөлөг худалдаж авах хэрэглэгчдийн зардал 10-15 хувиар хэмнэгдэхээр байгаа гэнэ.

Ган бөмбөлгийг тээрмийн бөмбөлөг гэж албан ёсоор нэрлэдэг аж. Уул уурхайн баяжуулах үйлдвэрийн гол хэрэглээ. Өмнө нь “Эрдэнэт”, “Оюутолгой” зэрэг үйлдвэрүүд ган бөмбөлгийг гаднаас авдаг байсан бол одоо 60 сая ам.долларын тээрмийн бөмбөлгийг Монголоос авах бололцоотой болж байна. Хүдэр буюу уулын чулуулгыг тээрэмдэж гурил болтол нь үйрүүлж , нунтаглах ажлыг ган бөмбөлөгөөр хийдэг.

Монгол Улс өмнө ган бөмбөлөгийн бэлдэц үйлдвэрлэж, түүнийгээ урагшаа гаргадаг байсан аж. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр жилдээ 300-350 мянган тонн ганбөмбөлгийн бэлдэж үйлдвэрлэдэг байсан бол нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн амжилтаараа бахархаж байгаагаа тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Д.Батжавхлан ярилаа.

Энэхүү үйлдвэр нь бүрэн автомат. Монгол Улсын хувьд давтах технолгиор ажиллах анхны бөгөөд хамгийн том, мөн байгаль орчинд ээлтэй, хяналтын систем бүхий үйлдвэр гэдгийг тэрбээр тодотгов. Үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжийг Германы 177 жилийн түүхтэй “Schuler Group” нийлүүлсэн. Дэлхийн томоохон үйлдвэрийн олон жилийн түүхтэй байх тусмаа бүтээгдэхүүн нь “брэнд” байдаг гэсэн үг юм байна.

Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр нь 100-140 мм голчтой ган бөмбөлөг давтах аргаар үйлдвэрлэхээр болжээ. Тэгвэл ирэх оноос цувих аргаар 60-80 мм голчтой ган бөмбөлөг үйлдвэрлэх гэнэ. Ингэснээр 100 гаруй ажлын байр бий болж байгаа гэнэ.

Монгол Улс нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодынхоо хэрэгцээг хангаж чадвал гадагшаа урсч буй 180 сая орчим долларыг дотооддоо барьж шингээж чадах юм. Монголын мөнгө Монголдоо үлдсэнээр ажлын байр нэмэгдэх, цаашлаад ханш тогтворжих гээд эдийн засгийн хамгийн эхний боломжуудыг нэрлэж болно. Тэрчлэн Хятадаас хямд ганбөмбөлөг олж ирээд “Эрдэнэт”-д өндөр үнээр шахаж, дундаас нь олон тэрбумын хөрөнгө иддэг томчуудын шахаа зогссоноор үйлдвэрийн үр ашиг, татварт төлөх мөнгө ч нэмэгдэнэ. Тэгэхээр эдийн засгийн хямрал нүүрлэж, улс төрийн хэрүүлээс өөр сэдэвгүй болсон өнөөдрийн хувьд Монгол Улс ган бөмбөлөг үйлдвэрлэнэ гэдэг хамгийн таатай мэдээнүүдийн нэг юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ