"Эрдэнэт" үйлдвэрийн талаар худал мэдээлэл цацагдсан гэв

МАН-ын дарга М.Энхболд “Эрдэнэт”-ийн 49 хувийг улсад авахаар боллоо гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цацагдсан. Тодруулбал, энэ асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, "Эрдэнэт"-ийг 100 хувь төрд авахаар тогтсон бөгөөд уг асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэн шийдвэрлэх мэтээр бичиж байв.

Харин өнөөдөр МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа энэ бол худал мэдээлэл гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. Тэрээр "“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудлаар өнгөрсөн долоо хоногт “УИХ-ын дарга М.Энхболд “Эрдэнэт”-ийн 49 хувийг төр эргүүлэн авахаар боллоо” гэсэн худал мэдээлэл цацагдсан. Өнөөдөр бүлгийн хуралдаанаар “Эрдэнэт”-ийн талаар яригдаагүй. “Эрдэнэт”-ийн 49 хувийг шалгах Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг энэ долоо хоногт зарчмын дагуу байнгын хороодод дүгнэлтээ танилцуулна. Шаардлагатай гэж үзвэл УИХ-д суудал бүхий намын бүлгүүдэд танилцуулна. Ард иргэдэд хандаж хэлэхэд “Тавантолгой”, “Эрдэнэт”-тэй холбогдсон худал мэдээлэл нэлээд цацагдаж байна. Энэ худал хуурмаг мэдээлэл нь гадаад, дотоодын харилцаанд сөргөөр нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, “УИХ дахь намын бүлэг шийдвэр гаргаад “Эрдэнэт”-ийн 49 хувийг буцаагаад авчих юм байна” гэсэн худал мэдээлэл нь Засгийн газрын төвшинд гэрээ хэлцэл хийхэд сөрөг нөлөөтэйг ард иргэддээ анхааруулж хэлмээр байна” гэв.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ