Банкны картаар автобусанд зорчдог болно
Автобусны “U Money” картыг хоёрдугаар сараас банкны төлбөрийн карттай хослуулахаар болжээ. Ингэхдээ энэхүү банкны картаар автобусанд ч зорчино, банкны үйлчилгээгээ ч давхар авах боломжтой гэдгийг албаныхан хэлж байна.
Одоогоор туршилтын карт гаргаж байгаа бөгөөд уг карт нь таны нэр дээрх банкны данстай холбогдох учир та картаа заавал урьдчилан цэнэглэх шаардлагагүйгээр хэрэгцээтэй үедээ тухайн сонгосон банкны дансандаа орлого хийж, нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой болох нь ээ.
Эхний ээлжинд “Хаан” банктай хамтран ажиллахаар гэрээ байгуулсан бөгөөд ирэх сарын сүүлчээр худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа аж. Цаашдаа бусад арилжааны банкуудтай хамтран ажиллана гэдгийг “Улаанбаатар смарт карт” компанийн зүгээс мэдээллээ.
Өнгөрсөн 11 дүгээр сарын 17-ны өдрөөс үүрэн холбооны “Юнител” компанийн хэрэглэгчид автобусанд гар утсаа уншуулж үйлчлүүлдэг болоод байгаа юм.
Энэхүү ухаалаг NFC сим карт нь “Юнител”-ийн сим карт болон GG карт, нийтийн тээврийн “U-Money” картыг өөртөө багтаасан ажээ. Үүгээр та автобусанд утсаа уншуулаад л “GG” оноогоо ашиглаж нийтийн тээвэрт зорчих боломжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ